Вацлавын талбайнууд (Václavské náměstí)

Хуучин хотын талбайгаас Melantrichova болон Na Můstku гудмуудаар явсаар Вацлавын талбай рүү хүрч болно. Вацлавын талбай нь шинэ хотын хэсэгт байх бөгөөд одоогийн Праг хотын худалдааны болон урлагийн төв юм. Үнэн хэрэгтээ энэ нь талбай биш харин 682 метр урт, 60 метр өргөнтэй томхон гудамж юм.

1348 онд байгуулагдсан энэ талбай эхэндээ “Морин яармаг” гэдэг нэртэй, морь худалдаалах газар байв. Харин дээд болон доод хоёр талд нь дүүжлүүр бүхий цаазын тавцан байдаг байсан ба өдөр тутмын цаазын ялыг тэнд гүйцэтгэдэг байжээ. Талбайн доод хэсэгт нь тээрэмтэй жижиг нуур, харин одоогийн Үндэсний музейн оронд “Морины хаалга” байсан нь 1875 онд нураагдаж музейн барилга 1890 онд нь баригдсан байна.

Талбайд 2 хөшөө байсны нэг Гэгээн Вацлавын хөшөө Jindřišská гудамжинд, нөгөө нь Opletalova гудамжны Гэгээн Жон Непомукын хөшөө байв. Хүмүүс ихэнхдээ Вацлавын хөшөөний дэргэд цуглардаг байсан тул Вацлавын талбай хэмээн ард түмний дунд хэрэглэгдэх болж 1848 оноос ийнхүү албан ёсоор нэрлэгдэх болжээ. Удалгүй энэ хоёр хөшөө хоёулаа авагдаж, хожим 1918 оны 10 сарын 28н буюу тусгаар тогтносон Чехословак улс мэндэлсний өдөр одоогийн Гэгээн Вацлавын хөшөө түүхэн үйл явдлын чимээгүй гэрч болон талбайн дээд хэсэгт заларсан юм байна.

Хөшөөнөөс жаахан доошилвол Jan Palach, Jan Zajic нарын дурсгалд зориулсан давалгаа адил товойлгон хийсэн загалмай байдаг нь бас нэгэн түүхийг өгүүлнэ. 1969 оны 1р сарын 16нд Карлын Их Сургуулийн Философийн факультетийн оюутан Jan Palach Зөвлөлтийн түрэмгийллийг эсэргүүцэн олны өмнө өөрийгөө шатааж, хүнд түлэгдэлтийн улмаас 3 хоногийн дараа эмнэлэгт өөд болжээ. Түүний оршуулга оюутнуудын томоохон тэмцлийг өдөөсөн бөгөөд сарын дараа 2 сарын 25нд Jan Zajic яг ижил газар өөрийгөө шатаасан гэнэ. Jan Palach-г үхэхийнх нь өмнө эмчилж байсан эмчийн ярьснаар, түүнийг Социалист дэглэмийг эсэргүүцсэндээ бус харин ард түмнийг өдрөөс өдөрт өөрийн эрхгүй буулган авч, оюун санааг нь идэж байсан ёс суртахуун, сэтгэлзүйн их доройтлыг эсэргүүцэн, зогсоохыг хүссэндээ өөрийгөө золиосолсон хэмээжээ. Тийм ээ, ард түмний оюун санааны доройтол бол улс орны хувьд ямар ч цөмийн дэлбэрэлт, байгалийн гамшгаас ч илүү ноцтой байж мэдэх маш том асуудал билээ.



Чех -д заавал үзэх ёстой газрууд


1.

Прагийн Цайз

Pražský Hrad

Pražský hrad, 119 08 Praha 1 Czech Republic 224 372 423
view
2.

Карлын гүүр (Karlův most)

Karlův most

Karlův most, 11000 Praha, Czech Republic
view
3.

Одон орны цаг-Орлой (Pražský Orloj)

Pražský Orloj

Staroměstské náměstí 1/3, 110 00 Praha 1-Staré Město, Czech Republic
view
4.

Хуучин хотын талбай (Staroměstské náměstí)

Staroměstské náměstí

110 00 Praha, Czech Republic
view
5.

Бүжиглэдэг байшин (Tančící dům)

Dancing House

Rašínovo nábřeží 1981/80, 120 00 Praha 2-Nové Město, Czech Republic
view