Жаргалан цуврал №2 - "Инфаркт - Зүрхний шигдээс"

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-03-31

Зүрхний шигдээс буюу инфаркт нь зүрхний цусан хангамж хомсдох өвчний хамгийн хүнд хэлбэр нь юм.

Ерөнхий

Миокард гэдэг нь зүрхний булчин юм. Түүнийг тэжээдэг артерийг нь титэм судас гэж нэрлэдэг. Хэрэв ямар нэг шалтгаанаар, цусны нөж, бүлэнгээр энэ артерийг бөглөрвөл түүнээс тэжээл авч байдаг зүрхний булчингийн хэсэг нь цусан хангамжгүй болж, 20-30 минутын дараа үхждэг. Ингэж үхжихийг шигдээс буюу инфаркт гэнэ. Улмаар гэмтсэн хэсэгт сорви үлдэнэ.

Шалтгаан

Зүрхний шигдээсийн үндсэн шалтгаан нь судас хатуурал юм. Гэхдээ энэ өвчнийг үүсэхэд нөлөөлдөг бусад хүчин зүйлсийг нэрлэх хэрэгтэй байх. Үүнд:

  • Эр хүйс
  • Эмэгтэйд аюултай нас нь 50-аас дээш нас
  • Удамшил (зүрхний цусан хангамж хомсдох өвчин, зүрхний шигдээс, тархинд цус харвах өвчин нь төрөл садны дунд тохиолдож байсан. Ялангуяа өвчин 55 нас хүрээгүй байхдаа өвдөж байсан бол.
  • Цусан дах холестерин ихсэх (5ммоль/л-ээс их, эсвэл 200мг/дл-ээс их)
  • Тамхи татах
  • Илүүдэл жин, хөдөлгөөний дутагдал
  • Артерийн даралт ихсэх (ямар ч насанд 140/90мм муб-ээс их байх)
  • Чихрийн шижин зэрэг хүчин зүйлс ордог.

Эдгээр хүчин зүйлээс нэг нь байхад л зүрхний булчингын шигдээс үүсэх эрсдэл нэмэгддэг. Улмаар эрсдэл нэмэгдэх хүчин зүйлийн тоо нэмэгдэх тутам өвчлөх магадлал геометрийн прогрессоор нэмэгддэг.

Явц

Судас хатуурах гэдэг нь хэрэв цусанд хэвийн хэмжээнээс ихээр агуулагдаж байгаа холестерин зэрэг липидийн төрлийн өөх тос нь том артерийн судасны хананд хуримтлагдах процесс юм. Ийнхүү судасны ханан дээр хамгийн ихээр хуримтлагдсан хэсгийг судас хатуурлын товруу гэж нэрлэдэг. Улмаар товруу нь судасны хананы хамгийн эмзэг, хэврэг хэсэг нь болж хувирдаг. Ялангуяа үүсээд удаагүй, кальци бага агуулсан товруу тун эмзэг.

Ийнхүү товруу үүссэн судасны хана хэзээ ч хагарч, ан цав үүсч мэднэ. Хэрэв ингэж хагарвал бие махбодын түгшүүрийн дохио авсан даруйдаа байгалиас өгөгдсөн программынхаа дагуу хагарсан, цуурсан газрын нөжирсөн цусаар бөглөж, нөхөх арга хэмжээ авч эхэлнэ. Ингэх үед гэмтсэн газрын орчим дахь цус нь эрчимтэйгээр бүлэгнэж эхэлдэг.

Гэтэл цус бүлэгнэж, нөж үүсэх нь процесс нь уулнаас бууж байгаа цасан нурангитай адил өрнөдөг болохоор ямар нэг зүйл саад болохгүй л бол улам эрчимтэй явагдсаар, артерийн судасны хөндийг бүхэлд нь бөглөх аюултай. Ингэж бөглөрсөн судсаар цус урсахаа байж, эсүүд нь үхжин инфаркт буюу шигдээс үүснэ. Бөглөрсөн артери хэдийн чинээ том байна шигдээс нь төдий чинээ өргөн газрыг хамарна.

Судас хатуурлын товрууны бүрэн бүтэн байдал нь зүрхний цохилт хурдсах, артерийн даралт ихсэх зэрэгт алдагдах нь бий. Харин биеийн хүчний ачаалал, сэтгэл санааны хэт хөдлөх үед эхлэх нь тун ховор. Цөөнгүй тохиолдолд ямар нэг ил мэдэгдэх шалтгаангүйгээр үүсдэг. Гэвч шигдээс үүсэх хамгийн дуртай цаг нь өглөө эрт юм.

Шигдээсийн хэмжээнээс хамаарч зүрхний булчингын ханыг бүх гүнийх нь туршид хамарсан том голомтот ба жижиг голомтот гэж хуваадаг. Зүрхний өмнөд хананы том голомтот шигдээс илүү аюултай байдаг. Арын ба хажуугын хананы шигдээсийн үед ялангуяа жижиг голомтот (бүх ханыг хамрахгүй) шигдээсийн үлдэц нь аюул багатай. Харин зүрхний булчин дээр үүссэн сорви нь огт арилдаггүй.

Шинж тэмдэг

Өвчүүний ард буюу цээжний хөндийн төв хэсэгт маш хүчтэй хатгуулж өвдөх нь зүрхний шигдээс үүссэн байж болох хамгийн анхны шинж тэмдэг. Тайван байх үед дарж, халуу оргин хорсож, гар, мөр, нуруу, эрүү хүзүү рүү дамжин өвдөнө. Цээжний бахын үед үүнтэй төстэй өвдөлт нь ачааллын үед үүсдэг бол зүрхний шигдээсийн үед өвдөлт нь илүү хүчтэй бөгөөд ихэвчлэн ямар ч ачаалалгүй тайван үед эхлээд 3 шахмал нитроглицерин 5 минутын зайтай дараалан уучихаад байхад ч намддаггүй.

Эдгээр шинж илэрвэл яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй.

Гэхдээ заримдаа шигдээс нь бөөлжүүлж, эсвэл хэвлийгээр таагүй мэдрэмж төрж, зүрх доголдох, амьсгал давчдаж, ухаан алдах зэргээр илрэх нь ч бий. Ингээд ч зогсохгүй шигдээсээр өвчилснөө огт мэдрэхгүй ч байж болно. Ийм шигдээсийг зүрхний шигдээсийн өвдөлтгүй хэлбэр гэж нэрлэдэг бөгөөд гол төлөв чихрийн шижинтэй хүмүүст тохиолддог. Зүрхний шигдээсийн өөрчлөлт ЗЦБичлэг дээр сайн харагдана. Гэмтлийн байрлал ба зэргийг тогтоохын тулд зүрхний чанд авиан шинжилгээ хийх ба энэ нь бүтцийн өөрчлөлтийг үзэх боломж олгоно. Түүний зэрэгцээ эмч сцинтографи хийлгэхийг зөвлөж болно.

Урьдчилан сэргийлэлт

Хүйс, удамшил зэрэг эрсдлийн зарим хүчин зүйлээс зайлсхийх боломжгүй ч бусдыг нь арилгах боломжтой юм. Үүнд:

Артерийн даралтыг хэвийн хэмжээнд барих. Ялангуяа цаг агаарын өөрчлөлтийг гойд анхаарах хэрэгтэй. Артерийн даралт ихтэй хүмүүст хэт халуун нь аюултай юм.

Цусан дахь сахарын хэмжээг хэвийн болгох.

Өөрийн боломж бололцоонд тааруулан хөдөлгөөний дутагдлаас зайлсхийж байх хэрэгтэй. Заавал гүйх шаардлагагүй бөгөөд өдөртөө эрүүл агаарт хагас цагаас багагүй хугацаагаар зугаалахад хангалттай.

Тамхинаас гарах. Тамхи татдаггүй бол идэвхгүй тамхи таталттай тэмцэх хэрэгтй.

Илүүдэл жингээ хасах. Үүний тулд эхлээд хэвийн жингээ мэддэг байх хэрэгтэй. Үүний тулд кг-аар авсан биеийн жингээ метрээр авч квадрат зэрэгт дэвшүүлсэн өндөртөө хуваана. Гарсан үр дүн нь биеийн жингийн индекс болох бөгөөд 26-аас ихгүй байх ёстой.

Хоолондоо амьтны гаралтай өөх тос, холестерин агуулсан хүнсний бүтээгдэхүүн аль болох бага хэрэглэх хэрэгтэй. Жимс ногоо, тахианы мах, ургамлын тос, загасны махыг түлхүү хэрэглэсэн нь дээр.



Сэтгэгдэл бичих