Замд гаръя (Аяллын тэмдэглэл)

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-09-06
huduu

Европд байдаг надын хувьд 3 цаг автобус юмуу галт тэргээр явах нь урт аялалд тооцогддог ба хэрэв 4 цаг үргэлжлэх бол
“нэлээн урт” аялалд гарлаа гэнэ. Бүүр 5 цаг, түүнээс дээш бол “аймшигтай урт” гээд аль болох зайлсхийнэ. Иймэрхүү холын аялалд ганцаараа явах үед хань болдог зүйл бол ном, мөн хөгжим хоёр юм.

Харин Монголд, хөдөөний замд бол ном уншина гэсэн ойлголт байхгүй. Нэг мөр уншиж байгаад нэг донсолгооноор дээд талын мөр лүү “харайж” ороод огт урагшлахгүй. Хэхэ. Гэхдээ энэхүү тэмдэглэлдээ дахин замыг муулах гэсэнгүй. Харин элэг нэгтэнтэйгээ холын замд гарахын давуу тал болон онцлогыг дурдах гэсэн юм.

1.  Богино хугацаанд танилууд болдог

Энэ зун миний хувьд долоо хоног тутамд шинэ хамт олонтой болох шаардлага гарч байгаа юм. Гэхдээ замд гараад эхний хэдэн 10-н км-т танилцаад удалгүй “дундаа орчихно”. Мэдээж ингэж хурдан танилцахад аян замын дээжний нөлөө байгааг бас үгүйсгэж болохгүй юм.

2.  Аяны дугараа

Монголчууд бид дуу хууртай ард түмэн. Ямар нэгэн МР3, эсвэл iPod огт хэрэггүй. Хөдөө нутгийн олон нуруу, даваатай замыг дуугаараа түрэн туулан урагшилдаг нь үнэхээр сайхан шүү. Уул хараад уулын тухай, нуур хараад нуурын тухай, адуу мал харахаараа тэднийгээ омогшин дуулах гээд сэдэв дор дороосоо өрнөнө.

3.  Овоо

Даваа өгссөн нэг зам байснаа овооны тэнд 2 болж салаад буцаад нийлж үргэлжлэнэ. Овоог ямар ч Монгол жолооч баруун талаар нь нар зөв тойрох юм уу, эсвэл сигналаа өгч өнгөрдөг нь дэлхийн өөр бусад оронд тэр болгон харагдаад байдаггүй сайхан уламжлал шүү. Энгийн мэт боломж гайхалтай хүндлэл.

Ийм болохоор би Монголдоо хөдөөгүүр аялах дуртай. Байгаль дэлхийгээ хүндлээд, дуугаа дуулаад аяны алтан шар зам өлзийтэй байх болтугай.



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүн өдөрт 8-н цаг унтах хэрэгтэй