Томууны улирал айсуй...

Нийтлэсэн: admin
Огноо: 2013-10-26

Ханиад, томууны улирал айсуй. Та өөрийгөө хамгаалсан уу? 

Бид нар ерөнхийдөө нийлүүлээд ойлгоод сурчихсан. Гэхдээ томуу нь хамрын ханиад биш юм. Хамрын ханиад (=cold) болон томуугийн (=influenza) ялгаатай шинжүүдийг дор зурганд харуулав. 

rozdily

Хамрын ханиад нь томуугаас ялгаатай нь хөнгөвтөр үе шаттай. Мөн энгийн хэвтрийн дэглэм сахихад 3-4 хоногийн дараа гайгүй болдог бол томуу нь илүү "том проблем" үүсгэдэг. Яагаад гэвэл томуугийн вирус нь халдварлах болон хорт чанараараа хамаагүй илүү байдаг. Эдгэрэлтийн хугацаа илүү урт байхаас гадна, эрсдэлтэй бүлгийн хүмүүст нас барах хүртэл хүндрэл үүсч болно. Томуугаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга нь вакцинжуулалт юм. Харин хамрын ханиадын вакцин гэж байхгүй. 

Томуугийн вирус нь нас, хүйс, арьс өнгө ялгалгүй халдварлах чадвартай, дэлхий даяар тархсан. Манай гарагийн 7 тэрбум хүн амын 5-15% нь жил бүр томуугаар өвчилдөг гэж ДЭМБ-ийн статистик мэдээнд бүртгэгдсэн байна. Үүнээс 250 000 - 500 000 хүн томуугаас болж нас бардаг. Нас баралтын түвшин өндөр настангууд, хүүхэд, мөн архаг хууч өвчинтэй хүмүүст илүү их байна. 

Influenza_Seasonal_Risk_Areas

Томуугийн вирус дэлхий даяар тархсан гэж дээр дурдсан билээ. Мөн жилийн 365 хоногийн аль ч үед ханиад, томуу хүрэх боломжтой. Гэхдээ хүйтний улиралд өвчлөлтийн түвшин эрс нэмэгддэг. Дэлхийн бөмбөрцөгийн хойд хагасын хувьд 12-оос 4-н сар хүртэл томуугийн өвчлөлт ихэснэ.

Тархалтын үед олон нийтийн газар явахаас зайлхийх, эсвэл маск зүүх зэрэг нь тодорхой түвшинд л таныг хамгаална. Томуугаас сэргийлэх үр дүнтэй арга нь вакцин хийлгүүлэх юм. Томуугийн вирус нь маш их мутацид ордог тул тун хувьсамтгай. ДЭМБ томуугийн улирал дууссаны дараа улс орнуудаас статистик мэдээлэл цуглуулан, анализ хийж, ирэх жилд тархах магадлал өндөртэй томуугийн вирусын эсрэг вакцин үйлдвэрлэх эрхийг эмзүйн фирмэд өгдөг. Вакциныг томуугийн улирал эхлэхээс өмнө буюу 9-өөс 11-н сарын хооронд ихэвчлэн хийдэг.

Influenz

Томуугийн эсрэг вакцин нь насанд хүрэгчидхүүхэд, мөн уушигны архаг бөглөрөлттэй хүмүүст томуугийн өвчлөлтийг бууруулдаг нь судалгаагаар нотлогдоод байна. 

Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамрагдалт дэлхийн улс орон болгонд өөр өөр байна. АНУ-ын хүн амын 46% нь томуугийн эсрэг вакцинд хамрагдсан байгаа бол сүүлийн жилүүдэд Европын улсууд вакциний давуу талыг ойлгож эхэлж байна. Жишээлбэл, Герман, Франц, Их Британи, Испани зэрэг улсуудад томуугийн эсрэг 20-иос дээш % нь хамрагдаад байна. Чех улсад энэ түвшин дөнгөж 5%-тай байгаа нь тун хангалтгүй үзүүлэлт юм. Монголд вакцин хамрагдалт ямар түвшинд байгаа талаар албан ёсны тоо баримт олдсонгүй. 

Үйлчилгээ нөлөө нь судалгаа шинжилгээгээр нотлогдсон, мөн ДЭМБ мониторинг хийн хяналт тавьдаг томуугийн эсрэг вакцинд хамрагдалтын байдал яагаад ийм бага байна вэ? Шалтгаан нь хүмүүсийн дундах "буруу ойлголт"-ууд. Жишээлбэл: 

- Би ханиад хүрдэггүй хүн

Вакцинд хамрагдсаны дараа ингэж "цээжээ дэлдээрэй". Ханиад, томуугийн вирус бидний эргэн тойронд хаа сайгүй байгааг санаарай. 

- Ханиад, томуу тусвал эмийн сангаас эм аваад уучихна. 

За бүгдээрээ нэг тооцоо хийж үзье. Та, жишээлбэл, өдрийн 20000 ₮-ний ажил хийдэг байя гэж бодъё. Ханиад, томуу хүрээд бие суларч, ханиалгаад, нус гоожин ажлаасаа 3-н хоногийн чөлөө авна. Ингээд та эрүүл байсан бол 60000 ₮ хийх байлаа. Дээр нь нэмээд эм бэлдмэл, витамин худалдаж авна. Хэрэв бүр хүндрэх тохиолдолд эмчид хандах тохиолдолд эдийн засгийн зардлаасаа илүү цаг хугацаагаараа хохирох болно. Өгсөн үүрэг даалгаврыг хүлээлгэх хугацаагаа хойшлогдох, эсвэл хангалтгүй түвшинд гүйцэтгэх зэргээр ажлын бүтээмж буурах нь боссод таалагдахгүйгээс гадна, улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Товчхондоо "энгийн" өвчин эдийн засгийн үр дагавар ихтэй байх магадлал өндөртэй юм. 

- Вакцинаар дамжин халдвар тарах эрсдэлтэй

Энэ бол ямар ч утгагүй буруу ойлголт. Томуугийн вакцинд амьд бус томуугийн вирусын хэсгийг ашигладаг тул халдварт өвчин үүсэх боломжгүй. 

- Үнэтэй вакцин

2012 оны мэдээгээр томуугийн вакцин 10000 ₮ гэж байна. Мэдээж одоо хэдэн ₮ байгаа харъяа өрхийн эмнэлэгээсээ асуухыг зөвлөж байна. 


Чехэд байгаа Монголчуудад:

Томуугийн эсрэг вакцины ойролцоогоор 200-300 корунтай байна. Барагцаа болгон хэлэхэд, Храдэц Краловэ хотын факультны эмнэлгийн вакцинжуулалтын төв дээр 297 корунаар томуугийн эсрэг вакцин хийж байгаа. 

Түүнээс гадна, хэрэв та VZP-ын даатгуулагч бол вакцин хийлгүүлсэн баримтаа битгий хаяарай. 10 сарын 1-нээс 12 сарын 31 хүртэл бүх хүмүүст томуугийн эсрэг вакцин үнэгүй гэсэн хөтөлбөр явж байгаа юм байна лээ шүү. 


Эцэст нь дүгнэн хэлэхэд, томуу болон томуу төст өвчнийг дутуу үнэлж огт болохгүй. Хэдийгээр нийтлэг, энгийн өвчин мэт харагдавч, хүндэрч болох аюултай халдварт өвчин юм. Бид хүйтний улирал ирэхээр дулаан хувцасаа бэлддэг шиг мөн айсуй ирж буй томууны улирлаас өөрийнхөө эрүүл мэндээс гадна "түрийвчээ" ч хамгаалах найдвартай арга бол вакцинжуулалт юм.  



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог