Rodičovský příspěvek буюу эцэг, эхэд олгох мөнгөн тэтгэмжийн хуулийн 2018 оноос хэрэгжих өөрчлөлтүүд

Нийтлэсэн: admin
Огноо: 2017-12-13


Rodičovský příspěvek буюу эцэг, эхэд олгох мөнгөн тэтгэмжийн хуулинд 2018 оны 1-р сарын 1-нээс эхлэн орж буй голлох хэд хэдэн өөрчлөлтийг та бүхэндээ товчлон хүргэж байна.

Өөрчлөлт дугаар 1.: Өмнө нь сардаа дээд тал нь 11500 Kč (чех корун) авах боломжтой байсан бол шинэ оноос эхлэн уг хязгаар алга болж байна. Гэхдээ сард авч болох мөнгөний хэмжээ жирэмсний (mateřská) тэтгэмжийн дээд хэмжээгээр хязгаарлагдана. Энгийнээр тайлбарлавал, жирэмсний амралтаа авахаас өмнөх таны сарын орлого 80000 корунаас өндөр бол эцэг, эхэд олгох тэтгэмжийг сард ойролцоогоор 32000 корун буюу 6-хан сарын дотор авах боломжтой. Энэхүү өөрчлөлт нь өндөр орлоготойгоос гадна эрт ажилдаа буцан орох сонирхолтой хүмүүст илүү таалагдах байх.

Өөрчлөлт дугаар 2.: Өмнө нь ихэр болон олон хүүхэдтэй эцэг, эхчүүд ганц хүүхэдтэй айлтай адил нийт 220000 корун авдаг байсан билээ. 2018 оноос эхлэн тэтгэмжийн нийт хэмжээ 330000 корун болж байгаагаас гадна сард авах мөнгөний хэмжээ 1,5-аар илүү бодогдож олгоно. Амьдралд ойрхон жишээгээр тайлбарлавал, өмнө нь 2 хүүхэдтэй ч гэсэн сард "нэг хүүхдийн" 11500 корун олгогддог байсан бол шинэ хуулиар 17250 корун сард олгогдоно гэсэн үг юм.

Өөрчлөлт дугаар 3.: Хэрэв та ажилгүй, эсвэл сурч байгаа эцэг, эх бол өмнө нь шууд л эхний 9-н сар 7600 корун, дараа нь сар болгон 3800 корунаар тэтгэмжээ тогтоолгон 4 жил авдаг байсан. Харин шинэ хуулиар дээр дурьдсан эцэг, эхчүүд сар болгон 7600 корун буюу 2,5 жилийн дотор тэтгэмжээ бүрэн авах боломжтой болж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг харъяа дүүргийнхээ Хөдөлмөрийн товчооны нийгмийн халамжийн ажилтнаас асууна уу.







Сэтгэгдэл бичих