Нострификац гэж юу вэ?

Нийтлэсэн: admin
Огноо: 2020-11-30

           Бакалавр

  • Та Чехийн их сургуульд бакалавр/магистрын хөтөлбөрт сурахаар зэхэж байна уу?
  • Та дунд болон их сургуулиа Чехээс өөр улсад төгссөн уу?

Хэрэв та дээрхи асуултанд “тийм” гэж хариулсан бол нострификац хийлгэх ёстой гэсэн үг. Унгар, Герман, Польш, Словак зэргээс бусад улсад эзэмшсэн ерөнхий боловсролын гэрчилгээг Чех улсынхтай дүйцүүлэхийг нострификац гэнэ.

Хаана нострификац хийдэг вэ?

Чехэд оршин суугаа хаягаасаа хамааран аймгийн захиргаанд (krajský úřad) хүсэлтээ тодорхой бичиг баримтуудын хамтаар өгнө. Тухайн захиргаа нь таны материалуудтай танилцсаны дараа Чехийн боловсролын системээс зөрүүтэй буюу нийт үзсэн цаг нь Чехэд үздэгээс дутуу байгаа хичээлүүдийг тодорхойлж өгдөг. Уг зөрүүг арилгах үүднээс тэдгээр хичээлүүдээр та шалгалт өгөх шаардлагатай болно. Захиргаанаас таны ойролцоох боломжит дунд сургуулиудыг (gymnazium) санал болгох бөгөөд та сургуулиа сонгон, дээр тодорхойлсон бүх хичээлүүдээр нострификацын шалгалтыг өгнө. Үр дүнгээс хамааран захиргаанаас эцсийн байдлаар шийдвэрлэн баталгааг олгоно. Хэрэв та Чехийн томоохон хэлний бэлтгэлд суралцахаар төлөвлөж байгаа бол тэд танд бүх зүйл дээр зөвлөж туслах тул та өөрөөс хамаарах бичиг баримтыг баталгаат орчуулгачаар орчуулуулсан байхад л хангалттай. Ингэхдээ заавал Чехийн албан ёсны тамгатай орчуулагчийг сонгоорой.

Хэрхэн нострификац хийлгэх вэ?

  1. Өргөдөл өгөхдөө аймгийн захиргааны веб хуудаснаас маягт (formulář) татаж бөглөх.
  2. Өргөдөлтэй хавсаргах материалууд:

   - Сургууль төгссөн гэрчилгээ (оригнал эсвэл ноатриатаар баталгаажуулсан хувилбар)
   - Үзэж судалсан хичээл тус бүрийн нийт судалсан цаг бүхий жагсаалтыг сурч байсан сургуулийнхаа тамгаар баталгаажуулсан байх  (хэрвээ ахлах сургуульдаа шилжин суралцсан бол сүүлийн 3 жил байхад хангалттай
   - Чех дэх гэрийн хаяг (нотлох гэрээ)
   - Аймгийн захиргаанд 1000 крон тушаасан байх (баримтаа хавсаргах)
   - Тэдгээр бичиг баримтуудаа албан ёсны тамгатай орчуулагчаар орчуулуулсан байх (http://datalot.justice.cz/justice/repznatl.nsf/$$searchform?openform&seq=2)
   - Нострификацын төлбөр: Өмнө дурьдсанчлан (1000 чех крон) төлбөрийг захиргаанд тушаахаас гадна орчуулгын төлбөр хуудсаасаа хамааран ойролцоогоор 2000-3000 чех крон байдаг.

Хугацаа:

Нострификац хийгдэж дуусах хугацаа багадаа 1 сар үргэлжлэх бөгөөд хэрэв таны бичиг баримт дутуу эсвэл өөр ямар нэг асуудал гарвал уг хугацаа хэдэн сараар ч сунгагдах магадлалтай. Мөн шалгалтанд бэлдэх, шалгалтны үр дүнг хүлээх гэх зэргээр маш их хугацаа ордог процесс учраас аль болох эрт (12 дугаар сараас өмнө) нострификац хийлгэх ажлаа эхлэхийг зөвлөе.

Бүх хичээлүүдийн шалгалтууд зөвхөн Чех хэл дээр явагддаг. Хэрвээ та англи хэл дээр сурах хүсэлтэй эсвэл Чех хэл тань хангалтгүй гэж үзвэл орчуулагчтай орох боломжтой гэдгийг мартуузай.

           Магистр

Чехээс өөр улсын бакалаврын дипломыг Чехийн боловсролыг яамнаас магадлан итгэмжилсэн бакалаврын ижил төстэй хөтөлбөртэй дүйцэх эсэхийг тодорхойлох үйл ажиллагааг нострификац (nostrification) гэж нэрлэдэг.

Хаана нострификац хийдэг вэ?

Чехийн томоохон их сургуулиуд бүгд нострификацын үйлчилгээг үзүүлдэг. Тэгэхээр таны бакалаврын зэргээрээ эзэмшсэн мэргэжилтэй ижил төстэй, хамгийн олон төрлийн хөтөлбөртэй сургуулийг сонгох нь чухал. Ямар хөтөлбөр ямар их сургуульд заадгийг доорх хуудсаас харах боломжтой:

https://regvssp.msmt.cz/registvssp/csplist.aspx

Гадаад оюутнууд гол төлөв Карлын их сургууль (cuni.cz), Чехийн Техникийн Их сургуульд (cvut.cz) нострификац хийлгэдэг.

Хэрхэн нострификац хийлгэх вэ?

  1. Нострификацын хийлгэх их сургуулиа сонгох
  2. Тухайн их сургуулийн цахим хуудсан дээрх заавартай сайтар танилцах
  3. Үйлчилгээний төлбөрийг төлөх,
  4. Материалаа зохих хаяг руу шуудангаар илгээх.

Шаардлагатай бичиг баримт:

  1. Диплом ба дипломын хавсралт: Хэрэв таны диплом Монгол хэл бол Чех хэл рүү баталгаат орчуулга хийлгэх шаардлагатай. Хэрэв Англи хэл дээр бол нострификац хийлгэх сургууль тань Англи хэл дээрээс шууд нострификац хийдэг эсэхээс хамааран Чех хэл рүү орчуулуулах эсэхээ шийдэх хэрэгтэй. Орчуулгыг зөвхөн Чехийн албан ёсны тамгатай орчуулагчаар хийлгэнэ.
  2. Диплом дээр үндсэн мэргэжил тодорхой бичигдсэн эсэхийг шалгах: Хэрэв та хос мэргэжилтэй бол эсвэл диплом дээр чинь мэргэжил гэсэн хэсэг тодорхой бичигдээгүй байдаг бол үндсэн мэргэжлээ тодорхой бичсэн  тодорхойлолт бэлдэж, түүнийгээ өөрийн сургуулийн тамгаар баталгаажуулж, баталгаат орчуулга хийлгэсэн хувилбарыг мөн дагалдуулн.
  3. Дипломын хавсралт: Дараах мэдээллүүд дипломын хавсралтанд багтсан байх шаардлагатай.
   - Хичээлүүдийн нэрс тодорхой бичигдэх байх
   - Syllabus буюу үзсэн хичээлийн хөтөлбөр
   - Кредит цагийн талаарх мэдээлэл

Хэрэв таны сурсан мэргэжлийн тодорхой мэдээлэл (хичээлийн нэрс, үзсэн сэдвүүд г.м) танай сургуулийн цахим хуудсанд англи хэл дээр бичигдсэн байдаг бол тухайн хуудсын холбоосыг хавсаргахад хангалттай.

Хэрэв тийм биш бол эдгээр мэдээллийг өөрөө бэлдэж, сургуулийнхаа тамгаар баталгаажуулж, орчуулуулсан хувилбарыг хавсаргах шаардлагатай.

Чехийн сургалтын хөтөлбөрт бакалаврын зэрэг авахын тулд 180 кредит авсан байхыг шаарддаг.

Хэрэв таны үзсэн кредит 180-д хүрэхгүй бол хичээл тус бүрийг нийт хэдэн цаг (лекц, семинар тус бүр) үзсэн тухай жагсаалтыг бэлдэж баталгаажуулан, баталгаат орчуулгыг хавсаргана.

Нострификацын төлбөр

Төлбөрийг төлөх дансны мэдээлэл мэдээлэл таны нострификац хийлгэхээр сонгосон сургуулийн цахим хуудсан дээр байх ба уг дансанд төлбөрийг төлсөн баримтаа бусад бичиг баримтдаа хавсаргана.

Үйлчилгээний төлбөр ойролцоогоор 2000-3000 крон байдаг.

Хугацаа:
  - Дээр дурьдсан бүх бичиг баримтыг бүрдүүлсний дараа эдгээрийгээ зохих хаяг руу шуудангаар илгээнэ.
  - Нострификац хийгдэж дуусах хугацаа багадаа 1 сар үргэлжлэх бөгөөд хэрэв таны бичиг баримт дутуу эсвэл өөр ямар нэг асуудал гарвал уг   хугацаа хэдэн сараар ч сунгагдах магадлалтай.
  - Тиймээс аль болох 2 дугаар сараас өмнө нострификац хийлгэх ажлаа эхлэхийг зөвлөе.







Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүн өдөрт 8-н цаг унтах хэрэгтэй