Монголын хувийн хэвшил ба Монголын даяарчилал

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-03-20

Сайн наймаачин эх орондоо баялгийг оруулдаг. Муу наймаачин эх орноо цөлмөдөг. Ш. Шеншоль

Даяарчлагдсан ирээдүйг Монголд ашигтайгаар эргүүлж 21-р зууныг Монголын зуун болгож Монголын даяарчиллыг хийж Хойд Азийг босгож ирэх хүндтэй үүрэг Монголчууд бидэнд ирсэн байна. 21-р зууныг Монголын зуун болгох ёстой. Монголын даяарчиллыг хийхэд саад болох, саад болж буй бүх зүйлийг Монголчууд бид үгүй хийх хэрэгтэй. Үүний дараа л 21-р зууныг Монголын зуун болгох боломжтой болно.

21-р зуунд Монголын даяарчиллыг хэрэгжүүлэхийн тулд Монгол улсын гадаад дотоод улс төрийн бодлого хүчирхэг байх ёстой. Үүний тулд Монгол Хамтын зах зээлийн эдийн засагтай болох ёстой. Хамтын зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхийн тулд Үндэстний хөрөнгө оруулалтын сантай байх ёстой ба сангийн зорилго нь Үндэстэн дамнасан корпорициудыг бий болгон санхүүжүүлэх болон хувийн хэвшлийг дэмжих юм.

Монголоос ядуу, Монголоос арчаагүй байсан дэлхийн олон улс арваадхан жилийн дотор дэлхий топ улс болтлоо хөгжиж чадсан түүхүүд маш олон байдаг. Жишээ нь. Сингапур улс юм.

Дэлхийн топ улсуудын нэг болох Сингапур улс нь хэдхэн жилийн өмнө загасчны ядуу боомт л байсан. Сингапурын хүн амынх нь 90 гаруй хувь нь ямар ч боловсролгүй, харанхуй бүдүүлэг, хувийн хэвшил нь бүгд төсөв дээр наалдсан шимэгчид, луйварчид байсан. Сингапурт уул уурхайн асар их нөөцтэй орд газар, нефтийн цооног байхгүй. Гэхдээ тэд ядуу буурай байдлаасаа асар богино хугацаанд гарч дэлхийн топ 10 улсын нэг болж чадсан. Сингапур эдийн засгаа шинэчлэн сайжруулах шаардлагатай гэдгийг олж харсан. Тухайн үед Сингапурчуудын боловсролын түвшин маш доогуур буюу 90 гаруй хувь нь боловсролгүй, хувийн хэвшил нь гэр бүл дээр тулгуурласан ёс суртахуунгүй байсан учраас хувийн хэвшил дээр тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэх ямар ч боломжгүй байсан. Тиймээс хүчтэй төрийн дор үндэстний капитализмыг хөгжүүлж эхэлсэн. Үндэстний хөрөнгө оруулалтын санг бий болгон түүнээсээ үндэстэн дамнасан корпорацуудыг байгуулан Сингапурын иргэн бүрийг баталгаатай хангалуун амьдралтай болгохын төлөө ажиллаж эхэлсэн. Энэ нь ч үр дүнгээ сайн өгсөн.

Харин Монголын хувьд хувийн хэвшлийнхэн ядуу буурай байсан Сингапуртай адилхан гэр бүл дээр тулгуурласан, ямар ч мэдлэггүй, зөвхөн өөрийгөө болон эхнэр хүүхдээ баяжуулах гэсэн жижигхэн хүсэл дээр тулгуурласан ёс суртахуунгүй аминчхан луйвар хийцгээж ард түмнээ шулж байна. Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй мөртлөө хувьцаа эзэмшигч нартаа хувьцааны ноогдол ашиг гэж сохор зоос хувиарилдаггүй компаниуд ч хэдэн арваараа тоологдохоор байна. Үүнийгээ тэд бизнес хийж байна гэж буруу ойлгоцгооно. Жинхэнэ бизнес хийнэ гэдэг бол улс орноо хөгжүүлэхийг л хэлдэг.

Монголын хувийн хэвшлийн тухай цөөхөн хэдэн бодит жишээ дурьдая. Монголын ХХК бол зөвхөн гэр бүлийн эсвэл нэг хүний компаниуд байдаг. Харин хөрөнгийн бирж дээр хувцаагаа гаргаагүй ХК нар байдаг. Мөн 1990 оноос хойш явагдсан хувьчлалын үед ХК-ны хувьцааны 51-100 хувийг нь хууль бусаар луйвардаж авчихаад ХХК гэсэн нэртэй болгохгүй ХК гэсэн нэртэй хэвээрээ л байж байна. Хүмүүсд ХК гэж ойлгуулдаг боловч үнэн хэрэгтээ ард нь нэг хүн, эсвэл гэр бүлээрээ л байдаг. Ийм компаниас олон хүн баялаг хүртэх биш, зөвхөн нэг хүн эсвэл нэг гэр бүл эзэмшиж байна. Монголын томоохон хувийн хэвшлүүд дэлхийн хөрөнгийн биржүүд дээр хувьцаагаа худалдаж хөрөнгө босгож үйл ажиллагаагаа өргөжүүлж буй мэт сайн талтай боловч гарах үр дагавар нь асар хортой юм. Хувьцаагаа гадаадад худалдсан учраас хувьцааны ноогдол ашиг нэрийдлээр Монгол улсын бүтээн байгуулалтын төлөө Монголын иргэдэд үлдэх ёстой байсан мөнгө гадны аль нэг улсын халаасанд орж байна. Зөвхөн хувийн хэвшил ч гэлтгүй Монголын төрд буй хүмүүс ч гэсэн иргэдээ луйвардаж байна.

Жишээгээ улам тодруулбал: Монголын иргэн бүрт өгнө гэж буй 1 сая төгрөгтэй дүйцэхүйц гэгдэж байгаа 536 хувьцаа бол үнэн хэрэгтээ Тавантолгойн орд газрын 10% биш юм. Тавантолгой гэдэг орд нь Ухаа худаг, Баруун цанхи, Зүүн цанхи, Бор тээг, Жижиг таван толгой гэсэн таван хэсэг газраас бүрддэг юм. Иргэдэд өгөх гэж буй 10% нь "Зүүн цанхи"-ийн хэсгийн 10% юм. Тиймээс багцаагаар тооцоолоод үзэхэд Монголын иргэн бүрт оногдож буй 10% нь Тавантолгойн нийт орд газрын тав хуваасны нэгийн 10% юм. Энгийн барагцаа тооцоо хийцгээе Тавантолгойн нийт ордыг 100% гэж үзье. Таван өөр нэртэй компани ажиллаж байгаа учраас тав хуваавал 20% үлдэнэ. Энэ 20% нь Зүүн цанхийн ордын баялагийн хэмжээ болж таарч байна. Энэ 20%-ийн 10%-ийг Монголчууд бидэнд өгнө гэж тооцвол 2% болж байна. Энэ тооцооноос харвал Монголчууд бидэнд Тавантолгойн 10% биш 2%-ийг нь өгч байгаа юм. Иймэрхүү аргаар төрийн нэр барьсан луйварчид ард иргэдийн тархийг угааж, толгойг нь эргүүлэхийн тулд их нөөцтэй, стратегийн ач холбогдолтой ордуудыг олон хэсэг болгож нэрлэн толгой эргүүлцгээж ардуур нь өөрсдөө дэлбэртлээ баяжицгааж байна. Уг нь Монгол улсын Ашигт малтмалын хуулийн 5-ийн 5-р зүйлд заасны дагуу Монголын засгийн газрын зардлаар хийгдэж илэрсэн орд газруудын 51%-ийг нь Монголын төрийн мэдэлд байх ёстой. Гэтэл энэ хууль хэрэгжихгүй байна. Үүгээр ч зогсохгүй луйварчид Тавантолгой гэх мэт асар их хэмжээний баялагтай газрыг ашиглаж олсон ашгаа улс төрийн авилга болгон өгч хандив нэрээр янз бүрийн баяр наадмуудад тэрбум, тэрбумаар нь цацаж байна. Үнэндээ бол ард түмний мөнгө шүү дээ.

Бас нэгэн хувийн хэвшлийг жишээ болгон дурьдахад Чинхуа-Мак компани Өмнөговийн Гурван Тэс суманд байдаг “Нарийн сухайт”-ын орд газарт 98% хятад хүн ажиллуулж олборлолт явуулж байна. Монголын нутаг дэвсгэр дээр Монголын баялагийг Монгол биш хүн орж ирээд, өөрийнхөө юмыг авч байгаа юм шиг аваад, нутагруугаа өдөр шөнөгүй, зогсоо зайгүй 100 тонны даацтай автомашинаар зөөж байна.

Уурхайн ажилчид ямар нэгэн юманд хөөгдөж буй мэт 24 цаг тасралтгүй олборлолт хийж байна. Энэ хэвээрээ удвал Монгол улс Ази тив дэх цөлжсөн, өлсгөлөнд нэрвэгдсэн Африк л болж хувирна.

Мөн эдгээр хувийн хэвшлийнхэн гадны хөрөнгө оруулалттай учир ноогдол ашгийн талаас илүү хувийг нь зүгээр л гадаадын аль нэг улсад өгч байна. Ард түмэнд тайлбарлахдаа тэдэн мянган ажлын байр бий болгосон гэж тайлбарлах боловч үнэн хэрэгтэй гарах ашгаар нь хэдэн зуун мянган ажлын байр бий болгох боломжтой байсан юм.

Хувийн хэвшил мэдлэг дээр тулгуурлан явагдах ёстой гэдгийг мэдэхгүй хүмүүс Монголын хувийн хэвшилд дүүрэн байгаа учраас Монголчууд бид хувиа хичээсэн мэдлэггүй хүмүүст хувийн хэвшлээ даатгачихаад улсаа хөгжихийг хүлээж сууна гэдэг нь ирээдүйгээ булшилж буйтай адил хэрэг бөгөөд асар том алдаа юм. Мэдлэггүй, моралгүй, эх оронч биш хүмүүс хувийн хэвшлийг авч явах ямар ч чадваргүй байдаг ба ард түмэн эх орондоо тэд хэзээ ч бүтээн байгуулалт хийдэггүй.

Тиймээс Монгол үндэстэн нэгдэж хүчтэй төрийн удирдлага дор хамтын зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхээс өөр аргагүй. Хамтын зах зээлийн эдийн засгийн давуу тал нь улс орныг бүхэлд нь хөгжүүлэх боломжийг бий болгодогт оршдог.

Өнөөдрийн Монголд тохиолдоод буй ийм нөхцөлд Монголчууд бид Үндэстний капитализмыг хөгжүүлэхээс өөр арга байхгүй.

Ямар улсыг эдийн засгийн хүчирхэг улс гэж тооцдог вэ гэвэл Дэлхийн эдийн засгаас хэр их хувь эзэмшиж байгаагаар нь тооцож хэлдэг. Дэлхийн эдийн засаг дахь Монголын байр суурийг бэхжүүлэхийн тулд Монголчууд бүгд зохион байгуулалтанд орж Монголын Үндэстэн Дамнасан Корпорациудыг хөгжүүлж дэлхийг хамарсан үйлдвэр, үйлчилгээ, борлуулалттай болж түүнээс гарах ашгийг нь Монгол руу чиглүүлэн ард түмний амьдралыг нь баталгаажуулах, улс орны бүтээн байгуулалтанд зориулах болно. Эдгээр Монголд ашигтай ажлын эхний алхам нь Үндэстний хөрөнгө оруулалтын санг бий болгох юм. Үндэстний хөрөнгө оруулалтын сангүйгээр үсрэнгүй хөгжих боломжгүй.

Мэдлэгт суурилсан даяарчилагдсан эдийн засагтай орон болж хөгжихийн тулд шинжлэх ухааныг өндөр хөгжүүлж, мэдлэг боловсролын түвшин өндөртэй боловсон хүчинг бэлдэх ёстой. Энэ бүхнийг Үндэстний хөрөнгө оруулалтын сангаас санхүүжүүлэх болно.

Монголын өнөөгийн мэдлэг боловсролгүй, гэр бүлээр зохион байгуулагдсан хувийн хэвшилд тулгуурласан эдийн засаг нь Даяарчилсан Монголыг бүтээхэд саад болно. Хувийн шуналтай хүмүүс хувийн хэвшилд ажиллах нь улс орноо тараан бутаргах, улс орныг мөхөөх суурь нь болдог.

Тийм учраас Монголд нийтийн компаниудыг түргэн байгуулах ёстой. Ард түмний компани учраас Бүх ашиг нь ард түмэнд очдог байх болно. Хувьд нь өгөх нэрээр Монголын бүх баялагийг олигархиуд луйвардан авсан түүх Монголчууд бидэнд байна. Үндэстэн дамнасан корпорациудыг сайн хөгжүүлж ашгийг нь Монгол руу чиглүүлэх шаардлагатай. Энэ бүхнийг хийх бат суурь нь мэдлэг дээр суурилсан моралтай хувийн хэвшил байдаг. Хувийн хэвшил чинь моралтай, мэдлэгтэй байх ёстой.

Бизнес гэдгийг зөвхөн би л баяжвал болоо гэсэн буруу ойлголтоор төсөөлж яваа Монголын бизнес эрхлэгчид өнөөдөр Монгол хүн гэдгээ ухаарч, нийт Монголчуудын хамтын сайн сайхны төлөө ажиллаж хөдөлмөрлөж сурах хэрэгтэй байна. Бизнес өөрөө олон хүний хүч хөдөлмөр дээр тогтдог учраас, хувиа хичээсэн бэртэгчин зангаар хандах нь хөгжилийг авчирахгүй. Та Монгол хүн таны үр хүүхэд ч энэ оронд амьдарна. Таниас Монгол гэдэг энэ нэр хэзээ ч салахгүй, тиймээс ард түмнийхээ төлөө, эх орныхоо төлөөх таны сайхан сэтгэл юунаас ч илүү үгүйлэгдэж байна. Монголчууд бид хамтаараа бие биенээ дэмжиж, тэтгэж байж л хөгжилд хүрч чадна гэдгийг ухаарах цаг болжээ.

Нийтлэгч: Б.Үнэнбат



Сэтгэгдэл бичих