Монголын авъяаслаг бизнесменүүдийн нууц

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-08-25

Энэ зун төслийн ажлын шугамаар хөдөөгүүр сар гаруй явах байсан тул замдаа зав чөлөөгөөрөө унших ном авах зорилготойгоор “Интерном”-ын дэлгүүр лүү оров. 1 цаг гаруй элдэв төрлийн номын сонжин эргүүлэн үзээд 2 давхарт гартал ийм нэртэй ном тавиур дээр байна. Хуудсуудыг эргүүлэн нэг хуудсан дээр очин тал хүртэл нь гүйлгэн уншаад шууд  таалагдсан учир тэр даруй кассан дээр очин худалдан авав.

Магадгүй та бүхний зарим нэг нь намайг бас бизнес хийдэг болохоор энэ номыг сонгосон байх гэж бодож магадгүй. Тийм учир энэхүү номны талаарх сэтгэгдлээ хуваалцахын өмнө өөрийгөө танилцуулах хэрэгтэй байх. Товчхондоо бол надад хувийн бизнес гэх юм байхгүй, харин миний бараг ихэнх найзууд их бага хэмжээгээр бизнес хийдэг нь энэхүү ном таалагдах болсны учиг буй за.

Хэнийг бизнесмен гэх вэ?

Зохиогч нар ч гэсэн номоо бичихээсээ өмнө энэхүү асуултын зөв хариулт-тодорхойлтыг олох эрэл хайгуулд гарчээ. Эрлийн үзүүрт эрдэнэ гэгчээр ямар ч гэсэн өөрсдийн гэсэн шалгууртай болжээ. Албан тушаалаараа “хүчиндэн”, эсвэл газар зарж баяжсан хэн гуайг, байгаль дэлхийгээ сүйтгэж гэр, төр хоёроо ялгахаа больсон тэр гуайг ч шилдэг бизнесмен гэсэн шалгууртаа тэнцүүлээгүй аж. Гагцхүү чин шударга байж, зорьсондоо хүрэхийн төлөө өөрийгөө боловсруулан буцаж няцалгүйгээр хөдөлмөрлөж чадан амжилттай яваа 38-н бизнесмений түүхийг илүү дутуу хэтрүүлэггүйгээр намтарчилан бичсэн байна.

“Женко” Х. Баттулга, “Бодь”-ийн Л. Болдхуяг, “МСS”-ийн Ж. Оджаргал, “Петровис”-ийн Ж. Оюунгэрэл гээд ард түмний дунд эцгийн нэрээр бус харин байгуулсан компаниараа “овоглодог” бизнесменүүдээс гадна оньслох ухааны хаан З. Түмэн-Өлзийг багтаасан нь авьяас билэгээ хөгжүүлбэл мөнгө өөрөө өөрийгөө шийдвэрлэчихдгийг залуу үеийнхэн бидэнд сануулж буй мэт. Эдгээр хүмүүс зүгээр сууж байгаад энэ том компани, группуудыг өвлөж аваагүй. Тэд бүгд л 0-оос баялаг бүтээсэн нь үнэн.

Жишээлбэл, “Женко” гэх Х. Баттулга Сингапур Бээжингийн хооронд камер зөөн мөнгөн хуримтлалтай болсон гайхалтай түүхийг сонсож байсан боловч Польшид  нутаг нэгтэндээ үзүүрлэгдэн хоног төөрүүлэх газаргүй болж, гэдсээ тэжээхийн тулд арга буюу гудамжинд суун хүний хөрөг 10 маркаар зурж голоо зогоож байсныг тэр болгон мэдэхгүй байх. Тэрээр өлсөж цангаж байсан ч бууж өгөөгүйгээр үл барам сохор зоос ч үгүй байсан тэр хэрхэн амь дүйсэн наймаа хийн долоо хоногийн дотор 20000 марктай болсон  талаар сэтгэл түгшин уншаарай.

“Мөнгөний машин” гэгдэх “Нарантуул” захын босс Ш. Сайхансамбуу оюутан байхдаа амьдрахын эрхээр 2 сар болгон цусаа өгдөг байсан гэвэл та итгэх үү?

Мөн “Түшиг” ХХК-ний захирал эмэгтэй бизнесмен Г. Сүхээ 1996 онд хууль бус тендерийн улмаар УИД-ийг алдан 585 мянган долларын алдагдал хүлээснээс гадна Солонгосоос зээлээр авсан барааны үнэ болох 2.4 сая долларын өртэй үлдсэн аж. “УИД-ийг хэрвээ авч болдоггүй юм бол би өөрөө үүнээс илүүг барьчихна” гэсэн итгэлтэйгээр царай зүс авах юмгүй сайртаж холцруутсан ч гэлээ шантарч, сэтгэл санаагаар уналгүй Дэнжийн 1000-д цагаан хоолой барин контейнерээс бараа зарсаар ямар ч байсан Солонгосчуудад өрийг нь цагт нь багтааж төлсөн гайхалтай түүхийг уншаад зоригтой, зорилготой байхын үр дүнг мэдрэх буй за. Одоо тэрээр дэлхийн стандартад нийцсэн 2 их дэлгүүрийн эзэн билээ.

Та бизнес эрхэлдэг ч бай, эрхэлдэггүй ч бай, энэ номыг уншихыг зөвлөж байна. Учир нь энэ бол бизнесийн тухай ном биш, харин хүний тухай, тухайлбал амьдралын төлөөх тасралтгүй мятрашгүй тэмцлийн төлөөх ном юм. Мөн “бизнес ёс зүй” гэж ямар байх ёстойг ойлгох болно. Түүнчлэн авъяаслаг бизнесменүүд цаашид юуг хийж бүтээхийн төлөө зорьж байгааг мэдэх болно. Магадгүй үүнээс илүү ухаарлыг таньд өгнө гэдэгт итгэлтэй байна.



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог