Монгол соёлын өдрүүд Франц улсад

Нийтлэсэн: admin
Огноо: 2015-10-23


Дипломат харилцааны 50 жилийн ойг тэмдэглэх
« Монгол соёлын өдөрлөг » Франц улсын Тулуз хотноо

 

Монгол улс, Бүгд найрамдах Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Монгол соёлын ѳдѳрлѳг”-ийг 11-р сарын 7, 8-ны ѳдрүүдэд, Франц улсын Тулуз хот дахь ази судлалын Жоржи лабиа музей /musée georges-labit/, “Язгуур Монгол” соёлын холбоoноос зохион байгуулж байна.

Тус ѳдөрлөг нь хоёр өдрийн турш зохион байгуулагдах бѳгѳѳд монгол орныг танилцуулах, монгол соёл, уламжлал, урлагийг сурталчилах зорилготойгоор, гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино, гэрийн танилцуулга, монгол хоолны болон хөөмийн сургалт, ятгын тоглолт, ардын уламжлалт биелгээ зэрэг соёлын болон танин мэдэхүйн үйл ажиллагаанууд зохиогдохоор тѳлѳвлѳгджээ.

« Монгол соёлын өдрүүд » арга хэмжээ бүх хүмүүст нээлттэй, үнэ тѳлбѳргүй ба, зарим сургалтанд урьдчилан бүртгүүлэх шаардлагатай ажээ.

        

Манай хоёр орны харилцаа тэртээ 800 гаруй жилийн өмнөөс тавигдсан түүхтэй бөгөөд 1965 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр албан ёсоор дипломат харилцаа тогтоож байжээ. Монгол улсын төр засгийн зүгээс “гуравдагч хөрш” Франц улстай хөгжүүлж буй харилцаанд чухалчлан анхаардаг бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эрчим хүч, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, соёл, урлагийн салбарт эрчимтэй хөгжиж байна.

Өдѳрлѳгийг зохион байгуулагч Язгуур Монгол холбоо нь 2010 онд Тулуз хотноо байгуулагдсан бөгөөд монгол хэл соёл, бичиг, түүх уламжлалаа европ тивд, тэр дундаа Франц улсад таниулан сурталчилах, түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулсаар иржээ.

Үүсэн байгуулагдсан цагаас хойш, монгол хэл, бичгийн сургалт, уран бичлэг, гэрэл зургийн үзэсгэлэн, соёлын уулзалтуудыг тогтмол зохион байгуулж ирсэн төдийгүй, олон улсын хэлний баяр, хурал, бусад томоохон арга хэмжээнүүдэд эх орноо төлөөлөн оролцдог байна.

Монгол соёл, монгол нутгаа санагалзан буй бүх монголчууддаа энэхүү ѳдѳрлѳгт хүрэлцэн ирж, хамтдаа монгол соёлоороо бахархан, баярлахыг мѳн танин дэлгэрүүлхэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

 

Мэдээлэл бэлтгэсэн: Б.Золзаяа
Язгуур Монгол” холбоо

Холбоо барих: asso.espritmongol@gmail.com

Facebook хуудас: Association Esprit Mongol




Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог