Монгол орны хөгжилд 14-р чуулга уулзалтанд Чех-Монголын Соёлын төв төлөөлөгчөөр оролцлоо.

Нийтлэсэн: admin
Огноо: 2018-05-08


2018 оны 4 сарын 27-д „МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД” XIV Чуулга Уулзалт ХБНГУ-ын нийслэл Берлин Хотын Захиргааны Төв Ордонд амжилттай зохиогдон явагдлаа. Уг чуулга нь Цахим Өртөө Холбоо болон Британы монголчуудын холбооны залуусын санаачлагаар анх 2005 оноос зөвхөн Лондон хотноо зохиогдож байснаа үйл ажиллагаа, оролцогчдын хүрээ нь өргөжин тэлсээр улмаар Стокгольм, Парис, Торонто, Сөүл, Улаанбаатар хотуудад зохиогдсон байна. 2014 оны X дахь Чуулга уулзалт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж энэ үеэр Хилийн чанад дахь Монголчуудын ТББ-уудыг нэгтгэсэн Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл (ХЧМЗ) байгуулагдсан түүхтэй. Түүнчлэн тус чуулга уулзалтын үйл ажиллагааг Монгол Улсын төр засаг ойлгон анхаарч дэмжих болж, ГХЯ болон тодорхой салбарын яамдууд, зохион байгуулагдаж буй улс дахь ЭСЯ, ДТГ хамтран дэмжлэгэтэйгээр зохион байгуулагдах болжээ.

Энэ удаагийн Чуулга Уулзалт „Боловсрол-Мэдлэг-Солилцоо” сэдвийн дор болж, 14 орноос 180 оролцогч хүрэлцэж ирж оролцлоо. 7 орноос ирсэн 16 илтгэл тавигдаж, хэлэлцүүлэгдлээ. "Монгол орны хөгжилд" 14-р чуулга уулзалтанд Чех-Монголын Соёлын төвийн хамт олон баг бүрдүүлэн оролцож түүхийн хуудаснаа нэгэн шинэ мөр бичиж, хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн амжилт бүтээлийн туршлага хуримтуулан ирсэн нь бидний бахархах бас нэгэн үйл боллоо.



Чуулганы хүрээнд Хилийн Чанад дахь Монголчуудын холбоо, ТББ -уудын бүсийн уулзалт 2018 оны 04 сарын 26-нд ХБНГУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам-нд болж Чех -Монголын соёлын төвийн тэргүүн О.Эрдэнэчимэг оролцсон бол Европын улс орнуудад монгол хэл соёлоо зааж буй багш нарын анхны сургалт семинарт багш Ш.Соёлцэцэг, С.Нямдорж, Д.Мөнхжаргал, О.Эрдэнэбалчирчухалсувд нар туршлага судаллаа. Оюун ухааны академийн захирал Хатанбаатар болон Монтессори заах аргын сургагч Петра Стэлзнер нарын энэхүү сургалтанд Швед, Бельги, Франц, Германы 7 сургууль, Чех, Солонгос, Польш, Австри зэрэг улсуудаас багш нар хүрэлцэн ирж идвэхтэй оролцлоо. Үндсэн чуулганд М.Болормаа, О.Эрдэнэчимэг нар төлөөлөгчөөр оролцсон. Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам Монгол орны хөгжилд 14-р чуулга уулзалтын төлөөлөгчдийг хүлээн авч оройн зоогоор дайлсан ба төлөөлөгчид хүлээн авалтын үеэр Герман дахь Монголчуудын урлагийн тоглолтыг сонирхсон.



2018 оны 4 сарын 27-29 ний өдрүүдэд Берлин хотноо мөн "Монгол хүүхдийн урлаг спортын 3 дугаар наадам" амжилттай болж өнгөрлөө. "Бидний ирээдүй" сэдэвтэй зохиогдсон энэ удаагийн наадамд ХБНГУ-ын 4 хотоос ирсэн монгол хэл, соёлоо сурч байгаа авъяаслаг хүүхдүүд дуу, шүлэг, бүжиг, хөгжмийн төрлөөр хоорондоо өрсөлдөж нийт дүнгээр Берлин хотын баг түрүүллээ. Эх орны хөгжилд цуврал 14-р чуулганы зочид төлөөлөгчид болон Штудгарт, Бонн, Ханновер хотууд, Швед, Чех улсаас багш нар хүүхдийн урлаг спортын 3-р наадамд оролцсон. Монгол дуу хууранд уярч, хүүхдийн баяр хөөр цалгисан, дурсамж дүүрэн сайхан өдрүүд байлаа. Монгол орны хөгжилд 15-р чуулга уулзалт Польш улсад зохион байгуулах эрх шилжүүлэн өгсөнөөр чуулганы үйл ажиллагаа амжилттай өндөрлөлөө.

О. Эрдэнэчимэг
"Чех Монголын соёлын төв" ТББ


Сэтгэгдэл бичих