Монгол мину – 2

Нийтлэсэн: admin
Огноо: 2021-08-25
Алс огторгуйн буурь атар тэнүүн талууд
Аварга эртний далайн ором шаргал говь
Анхил түмэн ургамлын өлгий цэнхэр хангай
Аглаг нөмөр уулсын сүндэр ханагар нурууд
Аргилтан долиорох айзмын урсгал цэнгэг мөрнүүд
Агаар гэрлийн жам аясанд хувьсах дөрвөн улирал
Амь биежсэн үргэлжлэлийн эхэн ариун голомт
Араатан шинжит гөрөөснүүд ухамсар олсон нутаг
Алаг замбуугийн амийг дархалсан ариун дагшин Монгол мину

Хамгийг өгсөн эх орон
Хамтаар Монгол мину

“Тэнэгхэн” л хэмээж үрсээ эргэх тэнгэр зүгийн дээдэс
Тэтгэн сургаж билэг хэлсэн дэргэдийн буурал өтгөс
Төвшин сайхныг тогтоож оюундаа зангилсан суу их аавууд
Тоонотын цэгцээс эхлэн тивийг ч эмхлэх эрдэмт ээжүүд минү
Түүх судартаа эрэмшин “Эх орон” гэж зориг хөвчлөх хөвүүд
Тэврэн өсгөсөн эжий аавдаа асралт амин хоо охид
Тойглуулж эрхэлж өсөхдөө ч хөл нүцгэн баацганах боргил үрс
Төрийнхөө дор үүргээ журамлан ёсоо дээдлэх эрхэм айл өрхүүд
Тэнгэрийн санааг газарт амилуулсан гоц Монгол түмэн минү

Хамгийг өгсөн эх орон
Хамтаар хариуцах Монгол мину

Аргадан гуйж ариглан түүх ургамал, самар, жимснүүд
Агсаж онилсон зэвэндээ энэрэл шившин авлах хангай хишиг
Агаар ус бэлчээрт шүтэлцэн хэмээ хайрлах таван хошуу буян
Агшин сааталгүй хурдыг агссан суу залийн оньс болсон хүлэг морьд
Алсыг тээж алсад нүүгэлтэн зорих хөсөг тэрэг, жингийн цуваа
Амин хий гэрлийн сүлэлд бие оюун тухлах эсгий цагаан гэр минү
Ахуй тэгшилж нүнжиг шим оршоох зэл, уяа, малын хот хашаанууд
Ам тостох хишиг хүндэтгэл аруул, өрөм, шим алаглах зоогууд
Амин чанар сэлгэхдээ хөрсттэй шүтэлцэх нүүдэлч Монгол ахуй мину

Хамгийг өгсөн эх орон
Хамтаар хариуцах Монгол мину

Өнө эртний язгуур салаа түмний олон аялгын утга ганц Монгол хэл
Өндөр заяат дээдсийн билэг хурын шаагих буулт Монгол бичиг
Өнгө хээг үг айзмаар уялгалан мэтгэх тансаглал Монгол найраг
Өргөн талын салхиар хөглөгдсөн амьд чавхдаст морин хуур
Өөдөө алсрах шуранхай нь утга гүний сэрэхүй шивших уртын дуу мину
Өвгөн ертөнцийн хэлээр огторгуй өөд хуучлах аялгуу уран хөөмэй
Өрсөн баатарлахын аргыг цэнгэлээр уламжилсан эрийн гурван наадам
Өсөх үрсийн оюун сэтгэхүйг сорьж хөглөх оньст олон наадгай
Өвлөн хүндэтгэж мөнхөд уламжлах эрхэм Монгол соёл мину

Хамгийг өгсөн эх орон
Хамтаар хариуцах Монгол мину

Эрхэс, хийсгэлийн шүтэлцэл дор замбууд зохицохын ухамсар
Эндэл харууслын шалтгаан таньж хайраар амьдрахын ухаарал
Эргэх орчлонгийн хүрдэн ажиж солбилцол мэдсэн сэхээрэл
Энэхэн байгаль амин оршлыг сахиул эзэдтэй нь мэдрэх сэрэхүй минү
Эрдэм сууг ясандаа хадгалж амьдрал үйлсээр сэрээх удамшил
Эрхэмлэх чанар ухааныг цусандаа өвлөн зөнгөөр тайлах уламжлал
Эв сахиж хамтаар түшилцэхийг эрхэмлэх гэриэ хариуцлагат нийхэм
Эрхт тэнгэрийн зарлиг дагаж хөрстөд мөрдүүлэх хүчин их чадал
Эвхэж хураасан жам ертөнцөө алдлан дэлгэх Монгол сэтгэхүй минү

Хамгийг өгсөн эх орон
Хамтаар хариуцах Монгол мину

Төр үүтгэн талд тогтон Бида, Хүн, Сүмбэ эртний улсууд
Талын энгээр засаг тогтоосон Түрэг, Хятан, Уйгар хаантууд
Тэрсэн тэмцэвч оршин тэссэн Мэргид, Хэрэйд, Найман ханлигууд
Туургатан болгоныг нэгтгэн залсан Чингис эзэн хаан мину
Тив алгасан засаг хууль өртөөлүүлсэн Их Монгол гүрэн
Тэнгис далайг ч гатлан давшсан хавтай баатар жанжид
Тэмцэн буурч нутаг төвлөсөн ч төрөө алдаагүй их бага хаад
Талхилагдан ядавч хувьсгал таширлуулж боссон суут түмэн
Тусгаар тогтнолоо тунхаглан мандсан энэ л Монгол улс мину

Хамгийг өгсөн эх орон
Хамтаар хариуцах Монгол мину

Өрцнөөс өмөрч одсон ч өмөг өөриймсүү Өвөрлөгчид
Өндөр бурхадыг төвшитгөхөөр цэрэглэж одсон Дээд Монгол
Өрөг бодлын тэмцэл дунд босоо дайтсан олон Ойрдууд
Өргөжин дагуулахаар өрнийг зорьсон цөс их Халимаг мину
Өвдөг бохирсон харьтныг засаглан сахисан Хазара
Өрлөг их жанждын өлгий болсон Урианхай - Тува
Өршөөлт сайхан ээжийн төрхөм нутаг Буриад
Өндөр Алтайн уугуул олон салаа ахан дүүс Түрэгүүд
Өнөржин нэгдэхийн зарлигт Нармай Монгол хүсэл минү

Хамгийг өгсөн эх орон
Хамтаар хариуцах Монгол мину

Охь цэвэр нутаг хөрстөө чигээр нь үлдээх ухаан
Оньст төхөөрөмж бүрийг атгандаа залах эрдэм
Олон үндэстэн эв эеийг дангааршиж хүлээх бардамнал
Оршин мандах улс орноо бадрааж өвлүүлэх бодол
Охид, хөвүүд, нялхсаа энэрлээр тэтгэх сургааль
Омог төгөлдөр залуусаа чадвар мэдлэгээр хөглөх замнал
Орон зай тусгаар тогтнолоо бүрэн батлах засаглал
Оосор үгүй сансрын уудмыг дайлаар мордог хүчин чадал
Оройгүй төгөлдөрийн цогцлол Монгол жавхлант ирэйдүй минү

Хамгийг өгсөн эх орон
Хамтаар хариуцах Монгол мину

Өчүүхэн хүү нь өвчүүн цаанаа таниас эрхэм зүйлгүй
2019-05-25
Ц. Мөнхтулга


Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүн өдөрт 8-н цаг унтах хэрэгтэй