Мигрений эсрэг шинэ эмчилгээ

Нийтлэсэн: admin
Огноо: 2019-12-04

Толгой таллан лугшиж өвдөөд, дотор муухайраад, өнөөдөр хийнэ гэж төлөвлөж байсан бүх зүйлээ хойш нь тавиад чимээгүй, харанхуй газар эмээ уугаад, хурдан үйлчлээсэй гэхээс өөр хүсэх юм алга... Энэ бол мигрениэр өвддөг хүмүүсийн нийтлэг “өчил” юм.

Мигрень толгой өвдөлт хүн бүрт өөр өөр давтамжтайгаар тохиолдоно. Зарим хүмүүс сардаа дунджаар 1 удаа толгой нь өвддөг бол зарим нь долоо хоногтоо гэхэд 2-3 удаа мигрений “довтолгоо”-нд өртөнө. Нэг өвдөхөөрөө 4-өөс 72 цаг хүртэл удаан үргэлжлэдэг гэхээр тухайн хүний “ашигт үйлийн коэффициент”-ийг нэлээн бууруулах нь ойлгомжтой юм.

Мигрений эсрэг эмийн эмчилгээг цочмог үед хэрэглэх, эсвэл урьдчилан сэргийлэх зориулалтаар гэж 2 үндсэн бүлэгт ангилж болно. Өнгөрөгч ХХ зууны 90-ээд оны эхэнд зах зээлд Триптан орж ирснээр мигрений цочмог толгой өвдөлтийн эсрэг эмчилгээнд “шинэ үе” эхлүүлсэн гэж дүгнэдэг. Мигрениэр өвддөг хүмүүс мэдэж байгаа, угаасаа өвчнийх нь нийтлэг шинж тэмдэг илрэнгүүт гялс (30 минут дотор) Триптанаа хэрэглэж чадвал мигрений довтолгоо “цааш газар авах”-аас сэргийлж болно. Триптан нь судасны ханыг агшаадаг үйлчилгээтэй тул зүрх судасны хүнд өвчтэй хүн хэрэглэх хориотой.

2019 онд зах зээлд биологийн эмчилгээ албан ёсоор орж ирснээр мигрений эмчилгээнд дараагийн “шинэ үе” эхэлж байна. Энэ бол CGRP (calcitonin gene-related peptide) болон түүний хүлээн авуур (рецептор) руу чиглэсэн эмчилгээ юм. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд олон зуун судалгаа шинжилгээний үр дүнд нээгдсэн CGRP гэх энэхүү амин хүчлийн хэлхээний талаар товчхон танилцуулъя. CGRP-ийн цусан дах түвшин (тодорхой хэлвэл, vena jugularis externa) мигрений үед ихэсдэг байна. Мөн Триптан нь CGRP-ийн түвшинг тогтворжуулж өгдөг. Эрдэмтэд CGRP-ийг судас руу тарихад мигреньтэй хүмүүсийн толгой нь өвдсөн бол, харин энэ өвчнөөр шаналдаггүй хүмүүсийнх хувьд ямар ч өвдөлт үүсээгүй зэрэг сонирхолтой баримтууд дээр үндэслэн CGRP эсрэг биетийг (antibody) гаргаж авчээ.

CGRP болон түүний хүлээн авуурыг “блоклож” байгаа эсрэг биетүүдээр дамжуулан үйлчилж буй энэхүү эмчилгээ нь мигрениэс урьдчилан сэргийлэх гэсэн ангилалд хамаарагдана. Эм үйлдвэрлэгчийн судалгаанаас харахад, нийт өвчтөний талаас илүү хувьд нь мигрениэр өвдөх өдрүүд нь 50%-иас илүү буурсан байна. Энэ нэлээн өндөр тоо гэдгийг тодруулж хэлмээр байна. Учир нь дээрх өвчтөнүүд өмнө нь байж болох бусад эмүүдийг хэрэглээд үр дүнгүй байсан юм.


CGRP эсрэг биетүүд нь элэг болон бөөрөөр дамжин бодисын солилцоонд ордоггүй. Мөн бусад эмүүдтэй харшладаггүй давуу талтай юм. Судасны ханыг агшаадаггүй тул зүрх судасны өвчтэй хүн хэрэглэх боломжтой. Арьсан доор сардаа 1 удаа тарих замаар эмчилгээ явагдана. Тарьсан газар өвдөх, улаах, эсвэл амьсгалын дээд замын үрэвсэл зэргээс өөр гаж нөлөө бүртгэгдээгүй байна. Гэхдээ эдгээр дурдсан гаж нөлөө нь плацебо хэрэглэсэн хүмүүст адилхан дамтамжтай илэрснийг дурдах хэрэгтэй юм.

Энэхүү нийтлэл нь мигрень толгой өвдөлт оноштой хүмүүст зориулагдсан болно. Мигрений талаарх ерөнхий мэдээлэл авахыг хүсвэл 2014 онд бичсэн дараах нийтлэлийг санал болгож байна. Толгой өвдөлт болгон мигрень биш бөгөөд өөр илүү аюултай өвчний шинж тэмдэг байхыг үгүйсгэхгүй тул өөрийн эмчдээ хандан оношоо тодорхой болгохыг зөвлөж байна.

Энэхүү сайтад нийтлэгдсэн бичвэрүүдийг ашиглах бол сайтын нэрийг заавал дурдана уу.

 

TERGUULEGCH.com



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүн өдөрт 8-н цаг унтах хэрэгтэй