Хөгжих үү? Хөлжих үү? (Аяллын тэмдэглэл)

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-08-30

zam

- Арвайхээрээс Баянхонгор хүртэл хэдэн км вэ? гэж асуухад

- Гайгүй ээ. 209 км. 210 хүрдэггүй ш дээ хэмээн хөлс нь бурзайсан нүүрэндээ инээмсэглэл тодруулсан ах хүү надад тоглоомгүйхэн шиг хариулав

210 км хүрэхгүй газрыг хэрэв галт тэргээр явсан бол дээд тал нь 4-н цаг, машинаар бол 3 цагийн дотор л туулаад зорьсон газраа хүрчихнэ гэсэн “дутмагхан” тооцоотойгоор автобусандаа суулаа. Яагаад дутмаг гэж байна гэвэл би Европд биш харин Монголд байгаа учраас хэр хол вэ гэж асуухын оронд ямар замаар явах вэ гэдгийг асуух ёстой байсныг дараа нь ухаарсан юм.

Юун 3, 4-н цагт багтах. Гол горхи гатлан энхэл донхол ихтэй шороон замаар 6-н цаг илүү болж байж Баянхонгорт арайхийж ирэв. Би 3, 4-н цагийн дотор хүрчихнэ гэсэн сэтгэхүйтэй суусан болоод тэр үү, энэ удаагийн 6-ийн аялал магад төгсөшгүй мэт санагдсан миний амьдралын хамгийн удаан, хамгийн урт аялал байлаа. Хажууд суусан эмээ: “Харин Өвөрхангай хүртэл засмалтай болоод харин гайгүй болоод байгаа юм” хэмээх нь тайвшруулах бус харин ч улам бухимдуулмаар ч юм шиг.

За энэ тэвчээр муутай залуу юу хэлэх гээд байна вэ гэвэл: хэдийгээр гадаад болон дотоодын хэвлэл мэдээллээр Монгол улс эдийн засгийн хөгжлийн хурдаараа дэлхийд тэргүүлж байна хэмээн шагширч байгаа ч бодит амьдрал дээр үнэндээ 210 км хүрэхгүй газрыг 6-н цаг гаруй дөнгөн данган хурдалж байна.

Энд би Монголоо муулах гэж бичиж байгаа юм биш. Гэхдээ үнэхээр бид хөгжье гэвэл нэн түрүүнд дэд бүтцээ, түүн дундаа 1-рт замын сүлжээгээ сайжруулах хэрэгтэй. Гитлер төрийн эрхийг гартаа авчихаад олдсон мөнгө болгоноо зам байгуулахад оруулдаг байсан нь ирээдүйд Германыг “цахилгаан” хурдаар хөгжих гол хөшүүрэг нь болсон гэдэг.

Энэ зун ажлын шугамаар нэлээн хэдэн аймаг, сумдаар явах завшаан тохиогоод байгаа юм. Ер нь зөвхөн хот руу гэлтгүй, аймаг болгоныг холбосон чанартай сайн замтай болчихвол аймгуудад биеэ даан хөгжих боломж байна. Хүүхэд залуучуудын сургууль, соёл бүгдээрээ хотод төвлөрчихөөд байгаа болохоос бус уул нь хотын иргэдтэй дүйцэхүйц цалинтайгаар нутагтаа ажиллаад байх боломж сүүлийн жилүүдэд харьцангуй бий болж буй талаар явсан аймгийн иргэд “буу халж” байхдаа нэлээн дурдаж байв.

Аймгуудыг холбосон зөвхөн автозам гэлтгүй, төмөр замын системтэй болчихвол хот руу чиглэх шилжин суурьших хөдөлгөөн ихсэх бус харин ч эсрэгээр буурч эхэлнэ гэж бодож байна. Мөн тэдний хоорондох худалдаа наймаа, хүн тээврийн бизнесүүд эрчимчсэнээр аймгуудын биеэ даах чадвар дээшилнэ. Ингэж байж зөвхөн Улаанбаатар луу чиглэсэн хөгжил эх орны 9-н зүг, 8-н зовхист тэлэгдэх ажгуу.

Гэхдээ энэ оны 6-н сард тавьсан зам ганц борооны “ая даалгүй” хагарч эвдэрч эхэлж байгаа нь чанарыг шалгадаг, бас хариуцлага тооцдог систем дутагдаж байгаа нь илт байна. Хэрэв чанарын шаардлага хангахгүй зам барьсан бол тухайн компаний удирдлагыг дуудан муу замы нь “нүдэн дээр нь” нэг л удаа хуулахад бусад хариуцлагагүй компаниудын “зүрхэнд” орно шүү дээ.

Бүгдээрээ хөгжих үү? Эсвэл цөөнх нь хөлжих үү? Энэ ямар намын уриа гэдэг нь надад хамаагүй. Учир нь би залуу хүн. Би хөгжмөөр байна. Би залуу байхдаа “хамгийн дээд хурдаар” хөгжмөөр байна!



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог