Хэцүү асуултууд (Аяллын тэмдэглэл)

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-09-05

Яагаад? Нээрээ яагаад юм бол? Танай хүүхэд, эсвэл бага дүү нар тань “Яагаад” гэдэг асуултаараа таныг энгийн зүйл дээр гайхшралд оруулж байсан уу? Түүнтэй адил гадныханд орчуулга хийж явахад, ялангуяа, Монгол ёс, Монгол аж ахуйг тайлбарлаж байхад гадны хүний гярхай нүд, сониуч зангаар асуусан асуултууд заримдаа орчуулагч намайг “мад” хийдэг шүү. :) Ингээд өөрт тулгарч байсан зарим “хэцүү асуултуудыг” та бүхэнд сонирхуулъя.

1.  Монгол гэрүүд яагаад дандаа цагаан өнгөтэй байдаг юм бэ?

Анх ингэж асуухад нээрээ яагаад бүгдээрээ цагаан өнгөтэй байдаг билээ хэмээн тэрхэн үедээ өөрөө өөрөөсөө асууснаа нуугаад яахав. Тэгээд түр хугацаанд жоохон бодож байгаад цагаан өнгө нь сүү цагаан идээ, ариун цагаан сэтгэлийг бэлгэдэж байгаа хэмээн тайлбарласан юм. 

2.  Монголчууд яагаад машинаар явж байхдаа хогоо шууд цонхоороо хаядаг юм?

За энэ дээр өмөөрч хамгаалж хэлэх үг олддоггүй юм. Ялангуяа хөдөөд явж байхад чихэр идлээ, чихрийнхээ цаасыг шууд хаяна. Ус уулаа, усныхаа савыг юу юугүй цонхоор чулуудчихна. Би бол харин өмнөөс нь ичээд чимээгүй суухаас өөр аргагүй болчихно.

3.  Монголчууд яагаад хаалга тогшилгүй шууд ордог юм?

Олон зуун, магадгүй хэдэн мянган жилийн турш гэр лүү орохдоо бид хаалгы нь тогшилгүй шууд ороод сурчихсан юм. Монголчууд бидний хувьд хаалга тогшиж, зөвшөөрөл авч орно гэдэг бол харьцангуй “шинэ соёл” гэж хэлж болно. Ийм учраас хотын ихэнх хүмүүс тогшиж зөвшөөрөл авч орж “сурч” байгаа боловч хөдөөд тийм “боловсон ёс”-той төдий л учрахгүй гэдгийг зөвөөр ойлгоорой хэмээн учирлаж билээ.

4.  Хөдөөний хүмүүс хоорондоо яаж танилцдаг юм бэ?

Хувь тавилан байдаг юм даа гэж хариулахаар хангалтгүй мэт Гэхдээ л гэсэн байдалтай харна. Мэдээж, нэг айл нөгөөгөөсөө дор хаяж 20 км алслагдсан байгааг хараад ийм асуулт тавихгүй байх л даа. Хоорондоо сум болон аймаг дээр байн байн уулзаж байдаг гэдэгт ерөөс надад итгэдэггүй юм. :) 

5.  Хайлдаг элс

Хайлдаг элс гэж байдаг, тэр элсийг амандаа хийнгүүт шууд хайлаад алга болчихдог хэмээн хамт яваа гадны мэргэжилтэндээ сонирхуулан хэлэв. Тэгсэн яагаад тэгж хайлдаг юм гэхээр нь “бантаад”, элснийхээ найрлаганд нь байдаг байх хэмээн “мэдэмхийрчихэв”. Аан гээд нэлээн гайхан бодож байснаа: Тэгвэл бороо орвол яах бол? гэв. Хэхэ, нээрээ яах юм бол, магадгүй шүлсний хүчилд уусгагддаг юм болвуу. :) Мэддэг нь гийгүүлж өгөөрэй.

Гэх мэтчилэн бидний хувьд анзаарагдахааргүй хэвшмэл болсон энгийн зүйлүүд гадныхны нүдэнд гайхшралы нь төрүүлмээр сонирхолтой болон харагддаг аж. Та бүхэн ч гэсэн иймэрхүү “хэцүү асуулт”-уудтай тулгарч байсан бол хуваалцаарай.



Сэтгэгдэл бичих