IV. Карл хааны цайзыг санагдуулам тоглоомын талбай Улаанбаатарт

Нийтлэсэн: admin
Огноо: 2016-11-06
Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн Газрын санхүүжилтээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16-р цэцэрлэгт "IV Карл хааны тоглоомын талбай” нээлтээ хийлээ. Европын хамгийн гоёмсог бөгөөд эртний барилга байшингууд нь хадгалагдаж үлдсэн хот Прагийг санагдуулам Карлын цайз, Одон орны цаг, Карлын гүүр зэрэг дурсгалт цогцолборуудын бяцхан хувилбарыг тоглоом болгон хийсэн нь цэцэрлэгийн хүүхдүүдэд танин мэдэхүйн болоод гоозүйн ач холбогдолтой юм. Тоглоомын талбайд сүндэрлэсэн гол тоглоомууд:



Карлын гүүр
Праг хотын эртний дурсгалт уран барилгын нэг нь Влтава голын дээгүүр барьсан Карлын гүүр юм. Карл IV хааны үед буюу 1357 онд гүүрний барилгын ажлыг эхэлсэн бөгөөд XV зууны эхэн үед гүүрийг барьж дуусчээ. Прагийн цайз, Хуучин хотын талбай хоёрын дундуур урсах Влтава голыг гатлах нь 1841 оныг хүртэл хамгийн их бэрхшээлтэй асуудлуудын нэг байв.
Гэвч энэ гүүрийг барьснаар зүүн, баруун Европын хооронд худалдааны зам нээгдсэн юм. Ингэснээр Прага хотод түүхэн ач холбогдол бүхий гүүр болсон байна. Эхлээд "Чулуун гүүр" гэж нэрлэж байсан энэ том гүүрийг 1870 оноос хойш "Карлын гүүр" хэмээн нэрлэжээ.



Нуман тулгуур бүхий 621 метр урт, 10 метр өргөн Карлын гүүр нь хамгаалалтын гурван цамхагтай. Гүүрийг маш гоёмсог хийцтэй 30 баримал чимэглэдэг. Барок маягийн гоёмсог хийцтэй баримлуудыг 1700-аад оны үед гүүрний дагуу байрлуулсан ч одоо бүгдийг нь дуураймал хөшөөгөөр сольсон.
2007 оноос өнөөдрийг хүртэл Элчин сайдын яамнаас 700 мянган ам.долларын санхүүжилттэй 42 жижиг төслийг сонгон хэрэгжүүлээд байна. Төслийн нийт санхүүжилт 15,500 евро бөгөөд цаашид бусад донорын хөрөнгө оруулалтаар өргөжих боломжтой төлөвлөгдсөнөөрөө онцлогтой.


Одон орны цаг
Праг хотын одон орны цаг буюу Орлой хэмээн нэрлэгдэх эртний гайхамшигт цагийг 1410 онд анх суурилуулжээ. Энэ цаг нь дэлхийн хамгийн эртний хэрнээ одоо ч ажилласаар байгаа гурван цагны нэг юм.



Орлой цаг нь гурван үндсэн бүрэлдэхүүнтэй. Нар, сарны байрлалыг дүрслэн үзүүлэх одон орны диск, “Бурхны сургааль айлдагчийн алхалт” буюу цаг тутамд хөдлөх бурхны сургааль айлдагчид болон үхлийг араг ясаар дүрсэлсэн дүрсүүд, сар бүрийг дүрсээр харуулах хуанлигаас бүрддэг аж. Орлойн механик цагийг Каданы цагчин Микулаш, Карлын их сургуулийн одон орон, математикийн шинжлэх ухааны профессор Ян Шиндел нар бүтээжээ. Энэ цаг нь XIV, XV зууны үед бүтээсэн хамгийн адармаатай цагуудын нэг.



Орлойн цаганд 1490 онд хуанлийн диск, уран барилгын чимэглэлийг нэмж суурилуулжээ. Цагчин Ян Таборский 1552 онд энэ цагийг сэргээн засварласан бөгөөд тэр үеэс хойш Орлойн цаг нь олон удаа зогсож, засварчид ч цөөнгүй удаа дахин засварласан гэдэг. 2010 оны аравдугаар сарын 9-нд энэхүү цагны 600 жилийн ойг тэмдэглэж шоу зохион байгуулсан юм.

Карлштейн цайз

Карлштейны цайз нь Чехийн цайз шилтгээн дундаа өөрийн гэсэн өвөрмөц онцлогоороо ялгардаг. Уг цайзыг Чехийн хаан, Ромын эзэн хаан Карл IV хааны удмынхны үнэт эрдэнэс, үнэт шүтээн сахиуснуудын цуглуулга болон үнэт эрдэнийн чулуунуудаа хадгалах зориулалтаар байгуулж байжээ.

Барилгын архитектурын гайхалтай шийдлийг цайзын хэрэмнээс авахуулаад барилгын гадна хана, дээшээгээ Хааны ордон болон түүний дээгүүр сүр жавхлантайгаар сүндэрлэх цамхагуудаас харж болно. Карл хаан Карлштейнд зуныг өнгөрөөдөг байсан бөгөөд эрхэм хүндэт зочдыг урьж авчран өөрийн баялгаа гайхуулах дуртай байжээ.

Эх сурвалж: http://www.ikon.mn/n/v7x
Прагийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.


Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог