Европын Холбоо болон Шенгений орнууд гэж юу вэ?

Нийтлэсэн: admin
Огноо: 2014-07-26
schengen

Саяхан тохиолдсон нэгэн явдлаас үүдэн энэ мэдээллийг Та нартаа хүргэсү.
Монголчууд маань Чех болон ер нь Европ руу аялж жуулчилах нь их. Чех улс руу л гэхэд Шенгений орнууд руу гарах эрхтэй визатай орж ирдэг (Монгол дахь Чехийн элчин сайдын яам маш ховор тохиолдолд зөвхөн Чех улсад байх виза өгдөг, ихэнх тохиолдолд Шенгений виза өгч өгөөмөр ханддаг билээ). Гэтэл манайхан Шенгений орнууд болон Европын Холбооны орнууд гэдэг хоёр өөр ойлголт юм гэдгийг мэддэгггүй, эсвэл авч байгаа визаныхаа учрыг сайн ойлгоогүйгээс асуудал бэрхшээлд орох юм.
Европын холбоонд одоогоор Европын 28 улс багтаж байгаа, үүнд: Бельги, Болгар, Чех, Дани, Эстонь, Финлянд, Франц, Хорват, Ирланд, Итали, Кипр, Литва, Латви, Люцембург, Унгар, Мальт, Герман, Голланд, Польш, Португаль, Австри, Румын, Грек, Словак, Словэния, Их Британи Умард Ирландын Вант улс, Испани, Швед орнууд багтдаг бөгөөд ЕХ-нд элсэхээр нэр дэвшигдэн хүлээгдэж байгаа 6 улс (Албани, Исланд, Македони, Хар уул – Черна Гора, Серб, Турк) байгаа билээ.
Шенгений орнууд гэдэг маань Европын Холбооны зарим улсын иргэд өөр хоорондоо визагүй болон хил нэвтрүүлэх шалгалтгүйгээр чөлөөтэй зорчих гэх мэт өөр олон талын гэрээ хэлэлцээ байгуулж харилцан үйлчлэх тохиролцоогор анхлан үүссэн орон зайг хэлдэг. Европын холбооны гишүүн бүх улс Шенгенд багтдаггүй. Мөн ЕХ-ны гишүүн орон биш ч бас Шенгенд багтдаг улс гэж байна. Тэгэхээр ойлгомжтой болгох үүднээс, ө,х. Шенгений визатай тохиолдолд зорчиж болох Шенгений орнуудыг нэрлэе, үүнд: Бельги, Франц, Герман, Люценбург, Голланд, Португаль, Испани, Австри, Итали, Грек, Дани, Финлянд, Швед, Чех, Эстони, Унгар, Латви, Литва, Мальта, Польш, Словак, Словэния (эдгээр улс бүгд ЕХ-ных), МӨН ЕВРОПЫН ХОЛБООНД БАГТДДАГГҮЙ БОЛОВЧ ШЕНГЕНД БАГТДАГ ОРНУУД болох Исланд, Норвеги, Швейцарь, Лихтэнштэйн улсууд байнаа.
Цаашилбал, ЕХ-нд багтдаг бөгөөд мөн Шенгенд ч бас орохоор зэхэж байгаа улсууд Болгар, Румын байна . 
ЕХ-нд багтдаг ч Шенгенд орох эсэх нь эргэлзээтэй байгаа хэдэн улс бол Хорват, Кипр, Ирланд, Их Британи билээ. 
Одоо визаны талаар хэдэн үг хэлье. Чехийн элчин сайдын яамнаас Шенгений виза олгосон бол ямар хугацааны дотор хэд хоногоор Шенгений орнуудад байж болох (жишээ нь, 2014-7-1-нээс 2014-12-31-ний дотор 30 хоног байж болох виза байна гэхэд уг хүн 7 сарын 20-нд Шенген лүү буюу Чех улс руу нэвтэрсэн бол энэ өдрөөсөө эхлэн 30 хоногоо тоолоод, виза дуусахаас нь өмнө багтаж буцах ёстой). Мөн нэг удаагийн юмуу эсвэл олон удаа нэвтрэх эрхтэй юм уу гэдгээ сайн ойлгосон байх хэрэгтэй. Нэг удаа нэвтрэх эрхтэй визаар Чех рүү буюу Шенген лүү ирсэн хүн олон дахин нааш цааш зорчиж болохгүй. 
Энэ мэдээллийг бичих болсон шалтгааны эзэн маань Чех улсад Шенгений визаар ирээд Хорват руу аялсан байх юм. Гэтэл Хорват нь Шенгенд багтдаггүйг Та дээрх жагсаалтаас харж байгаа. Ингээд уг хүн Хорват улсын цагдаад шалгуулаад зөрчилтэй аялж байгаа нь илэрч, нэгэнт Чехийн визатай хүн юм болохоор Хорватын Загреб хот дахь Чех улсын элчин сайдын яаманд хүргэгдсэн байна. Нэг удаагийн визатай учир Хорват руу орсноороо Шенгений орноос гарчихсан, эргэж орж ирэх визагүй болж. Ингээд Чехийн элчингээс ахин виза хүсэж материал бүрдүүлж (паспорт биеийн байцаалт дээр нь уг хүний Чех рүү ирэх буцах онгоцны билет, аян зам, эрүүл мэндийн даатгал, цээж зураг г.м.) өгч хураамж төлж байна. Чех улсын ЭСЯ уг материалыг хүлээж аваад Чехийн Гадаад хэргийн яам руу илгээж зөвшөөрөл хүлээнэ. Шууд дор нь виза дараад өгчихнө гэж байхгүй. Яг л Монгол дахь Чехийн элчингээс виза хүсэж материалаа өгөөд хэд хоног хүлээдэгтэй адил. Энэ хооронд уг хүнд элдэв бэрхшээл тохиолдож байгаа нь мэдээж. Хорватын виза байхгүй учир буудалд орох байтугай гадуур ч явж чадахгүй. Чехийн элчин сайдын яам зочид буудал биш учир бас тэнд хонож байж болохгүй.... Зөндөө л адал явдал ургана. Гэхдээ яг энэ хүний хувьд цаад Хорватууд нь ч, наад Чехийн элчингийнхэн ч нааштай хандаж хажиглаж муухай аашлах нь гайгүй, хүнлэг л байсан л даа. Хуль журмынхаа дагуу л ажлаа хийж байгаа, гэхдээ хатуурхахгүй харин ч зөөлөвтөр хандаж байгаа нь яамай. 
Иймээс эрхэм Монголчууд минь учир байдлыг сайн судалж, ултай суурьтай хандаж байж улс орнуудаар аялан, тайван таатай жуулчлаарай даа.

Б. Мянганбаяр


Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог