"Hosoo & Transmongolia" Пардубицэ-д: Талархал

Нийтлэсэн: admin
Огноо: 2013-09-22


DSC06865

Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайхан өдөр манай алдарт хөөмийч Хосоо маань өөрийн авьяаслаг сайхан залуустайгаа манай хотод хүрэлцэн ирж, энд ажиллаж амьдардаг Монголчууддаа болон гадаадынханд (үзэгчдийн дунд чехүүдээс гадна япон, аргентин, боливи, канад зэрэг иргэд байлаа) зориулан үнэгүй тоглолт хийж, дараа нь бидний хэсэг нөхдийн хамт үдшийг хөгжилдөн өнгөрөөсөн билээ.

Евангелийн сүмийн уудам танхимд монгол хөөмий, хуур, ятга, лимбэний аялгуу хачин сайхан тансаг эгшиглэн гадаад болон монгол олон хүний сэтгэлийг доргиож, олон ч хүний нүдэнд нулимс цийлэлзэж байв. 

Хөгжимдсөн аялгуу болгоныхоо дараа хөөмий болон тоглож буй хөгжмийн зэмсэгүүдийн талаар, түүнчлэн Монгол ахуй соёл, нүүдэлчдийн онцлог зэргийг хүрэлцэн ирсэн сонсогч үзэгч нарт тайлбарлаж байсан нь тоглолтын уур амьсгалыг “чөлөөтэй” болгов. 

Хосоо болон түүний хамт олон асар авьяастай ч машид даруухан эгэл сайхан хүмүүс юм. Та нартаа их баярлалаа. Эх орныхоо нэрийг тив тивээр цуурайтуулж буй гайхамшигт уран бүтээлийн тань зам үргэлж дардан байг. Аз жаргал, эрүүл энхийг нийт хамт олныхоо өмнөөс хүсэн ерөөе.


Б. Мянганбаяр


Сэтгэгдэл бичих