„HOSOO & TRANSMONGOLIA“ Чехэд тоглоно

Нийтлэсэн: admin
Огноо: 2015-04-24

Энэ онд БНЧУ, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа билээ. Уг ойд зориулсан арга хэмжээнүүдийн хүрээнд БНЧУ дахь Монгол улсын Элчин сайдын яамны ивээл дор Чех-Зүүн Азийн худалдааны танхимаас Чехийн өмнөд нутгийн Тржэбон хот дахь Азийн соёлын төвд монгол үндэстний ардын урлагийн тоглолт зохион байгуулж байна.


Герман улсад ажиллаж амьдардаг манай алдарт хөөмийч Д.Хосбаяр болон түүний „HOSOO & TRANSMONGOLIA“ хамтлаг бидний урилгаар ирж тоглолт хийнэ. Энэхүү хамтлаг нь Европд хэдийнэ алдаршиж өөрийн нэр хүндийн тайзтай болсон, эх орныхоо урлагийг дэлхий дахинаа сурталчилахад чухал хувь нэмэр оруулдаг билээ.

Уг тоглолт маань мөн дэлхийн 2-р дайн дууссаны 70 жилийн ойтой давхцан Ялалтын баярт зориулагдаж байгаагаараа онцлог юм. Монголын ард түмний бэлгийн хөрөнгөөр бүтээгдсэн Зөвлөлтийн дайчдын “Хувьсгалт Монгол” танкийн цуваа 1945 оны 5-р сард Прага хотоор дайран Берлин хүрч ялалтаар төгссөнөөр монголын ард түмэн ч Ялалтын баярыг тэмдэглэх гавьяатай билээ.

Тоглолт 2015 оны 5-р сарын 8-ны өдрийн 15 цагт Азийн соёлын төвийн цэцэрлэгт хүрээлэнд, 18 цагаас мөн уг төвийн Буддын шашны галарейд болно. Хаяг: Na Kopečku 242, Třeboň, 379 01

Тасалбар тогтсон үнэгүй бөгөөд үзэгчдийн сайн санааны хандив дээр тулгуурлана. Та бүхний сайхан сэтгэлийн хандив нь уг хамтлагийнханд болон Азийн соёлын төвийн үйл ажиллагаанд нэмэр болох юм. Азийн соёлын төв нь Чех-Монголын харилцааг бататгахад чухал хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Үүнд, Монголын Буддын шашинтнуудын тэргүүн, хамба лам Д.Чойжамцын 3 удаагийн болон монгол улсын төр засгийн чухал төлөөлөгчдийн уулзалт албан айлчлалуудыг Чех улсад удаа дараа зохион байгуулж байв.


ТА БҮХЭН ӨРГӨНӨӨР ИРЖ МОНГОЛЫН ГАЙХАМШИГТ УРЛАГТАЙ ТАНИЛЦАНА УУ!



Сэтгэгдэл бичих