Газар шороо

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-04-17

“Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг!” гэж тэртээ 320-иод жилийн өмнө Галдан бошигт хаан айлджээ. Энэ үг бидний одоо үеийнхэнд дамжуулсан захиас гэхээсээ илүү тэнгэрийн “тушаал” гэлтэй.

Энэ эрчээрээ яваад байвал сонгуулийн өмнө ард түмэн бидэндээ улс төрчид маань туулайг эвэртэй болгодог шоу үзүүлбэр ч үзүүлж магадгүй юм шиг байна шүү. Интернетийн ачаар гадаадад суугаа бид Монголд байгаа юм шиг л, магадгүй түүнээс бүүр илүү бухимдалтайгаар улс оронд болоод байгаа зүйлийг харж хүлээн авч байгаа билээ.

Гэхдээ энэ замбараагүй их мэдээллийн урсгал дундаас “SouthGobi Sands” компанийг эзэмшдэг Канадад бүртгэлтэй “SouthGobi Resources” компанийн хувьцааны 57.6 хувийг БНХАУ-ын төрийн өмчит CHALCO компани худалдан авах хэлэлцээ хийгдэж байна гэсэн мэдээлэл иргэн намайг яагаад ингэж ихээр бухимдуулан санаа зовоолгоод байгааг учирлан тайрлах гэсэндээ энэхүү нийтлэлийг бичиж байна.

“ Хувьцаа худалдан авах үйл ажиллагаа нь Канад Улсад явагдах тул Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн дагуу Чалко компани нь Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагагүй юм.” Энэ бол “SouthGobi Sands” компаний 4-р сарын 12-ны мэдэгдэл.

За тэгэхээр яагаад бид нар ингэж “мад” хийлгүүлсэн шахаанд орчихвоо гэдгийг энгийнээр тайлбарлахыг хичээе. Тэртээгээс 7, 8-н жилийн өмнө Монголд нэгэн гадны хөрөнгө оруулагч хөл тавьж гэнэ. Тэгээд ашигт малтмалын лиценз гэдэг зүйлийг МУ-ын засгийн газраас авч гэнэ. Гэтэл тэрхүү лицензийн гэрээгээр оруулсан хөрөнгөө дөнгөж 10 дахин л ихэсгэх боломжтой байлаа гэж бодъё. Мэдээж энэ хүн Монголд мөнгөө өсгөх гэж ирсэн болохоос биш ямар мод тарих гэж ирсэн биш. Яагаад 1000, магадгүй 100000 дахин мөнгөө ихэсгэж болохгүй гэсэн “мэргэн” санааг улс төрч Монгол найз нь нэг өдөр хэлж гэнэ. Нээрээ яагаад болохгүй гэж, найзаа. Тэгээд гадаад найз нь Монголд найздаа ингэж хэлж гэнэ: Чи надаа энэ гэрээний энэ заалтыг л солиод өг, найзынхаа ачийг гомдоохгүй шүү гэж амлав.

Одоо хамгийн сонирхолтой хэсэг нь, хэрхэн мөнгө солилцдог талаар. 2 найз хоёулаа мэдээж хувцсаа хиртүүлэх дургүй болохоор “цэвэрхэн” байхыг эрхэмлэнэ. Тэгээд гадаад найз тендерт төсөл зарлаж гэнэ. Өмнөговь аймгийн нэг сумын нэг арван жилийн нэг ангийг ногоон өнгөөр будах төсөл гээд бодъё. Сумын өвгөн ингэж ярьж байна гэнэ: Энэ гадныхан нээрээ боловсролд эхлээд анхаарал хандуулж байна шүү, говийн бидэнд ногоон өнгө билэгшээтэй гэж бодох боловч үнэндээ яагаад ганц анги будахад Ланд 200-ийн хэмжээний төсөв гаргасанд тэдний ЭЗ-гийн мэдрэмжгүйг гайхана. Монгол найз энэ хооронд УБ-т нэг цоо шинэ барилгын компани 32000 ₮-ээр нээв. Тэгээд гэрээнд ганц 2 өгүүлбэр солисны төлөө найзын шинэ компани энэхүү тендерт ялав. Найзууд хоёулаа сэтгэл хангалуун. Монгол найз шинэ Ландаараа бусад найзууддаа онгирно, гадаад найз хүүгээр ноён идэхэд нэг алхам ойртсондоо баяртай байна. Гэтэл үнэртэй хятад будгаар хам хум будсан ангид 1-р ангийн бяцхан хүүхдүүд ам, нүд нь хорсон хичээлдээ шахцалдан сууна.

Цаг өнгөрөх тусам Монгол найзын амьдрал пуужингийн хурдаар эх газраас холбоо тасарсаар...
Доор байгаа ард түмэн өрийн намагтаа шигдсээр...
Гадаад найз гэрээг өөрийн хүссэнээр зассаар л...

За ямар ч байсан та бүхэн бохир систем хэрхэн ажилладаг талаар тодорхой ойлголттой болсон байх. Мэдээж дээрх компаниудын хувьд одоо байгаагаас илүү өндөр үнээр хувьцаагаа зарах боломж өмнө нь байсан ч гэсэн өөрсөддөө аль болох илүү ашиг унагаахын тулд энэ мөчийг хүртэл хүлээж, бас Монголын улс төрчдийг лоббидож байсан юм. Одоо тэдний хувьд Монголтой зууралдаад байх шаардлага байхгүй, олох ёстой мөнгөө хэд хэд нугалчихлаа, хэнд зарах нь тэдэнд ямар ч падлий байхгүй. Харин Хятад эдийн засгаар Монголыг боолчлон колоничлох бодлогын нэгэн том үндэс суурийг тавих гээд юаниа тоолоод завгүй!

Монгол улсын Үндсэн хуулийн 2-р бүлгийн 6-р зүйлийн 1-р заалт:
“Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. “

Уншигч таны өмнө нэг зүйлийг нийтлэгч миний бие тодорхой өчин хэлье. Хэдийгээр энд байх урт удааны, эсвэл байнга оршин суух эрх байлаа ч гэсэн энэ надад хангалтгүй, хэзээ ч энэ хөрс минийх болж чадахгүй. Харин миний газар шороо Монгол учир “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэсэн тэнгэрийн тушаалыг биелүүлэхийн төлөө өөрийн нөлөөлж чадах хүрээнд чадлынхаа туйл хүртэл тэмцэж зүтгэх болно.

Ээжийгээ гэхгүй юм бол толгой байгаад яах юм
Эх орноо гэхгүй юм бол иргэн нь байгаад яах юм!



Сэтгэгдэл бичих