Гадаадад суугаа Монголчуудын сонгуульд санал өгөх тухай хуулийн тогтоол

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-04-24

2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан билээ. Шинэчилсэн хуулиар 2012 оны УИХ-ын сонгуулийг можаритори давамгайлсан 48:28 тогтолцоогоор хийх бөгөөд 48 суудлыг нь можаритори, 28 суудлыг нь пропорцианалиар сонгох болж байна. Харин энэхүү хуулиар хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдийн УИХ-ын сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэх боломжийг нээж өгсөн нь тун дэвшилттэй явдал болсон билээ. Гэвч зөвхөн иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэд л энэхүү эрхээ эдлэх юм байна. Тиймээс шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж, сонгуульд идэвхитэй оролцохыг уриалахын ялдамд тус хуулийн холбогдох заалт болон гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах журмыг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

6 дугаар зүйл. Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх

6.7.Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа, улсын бүртгэлд бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцоход дараах журмыг баримтална:

6.7.1.гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлэн өөрийн биеэр ирж оролцох;

6.7.2.гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн зөвхөн сонгуульд оролцож байгаа нам, эвслийн төлөө саналаа өгөх;

6.7.3.гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний саналыг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө урьдчилан авч, битүүмжлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх.

6.8.Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг сонгуульд оролцуулах, иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авахтай холбогдсон журмыг Сонгуулийн ерөнхий хороо, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж, мөрдүүлнэ.



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог