Франц хулгайчид

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-07-06

zlodej-01

Хэд хоногийн өмнө Францад хэсэг хугацаанд байж байгаад ирсэн нэгэн ахын ярихыг сонсон сууж байхад бодогдсон бодлоо энд сийрүүлье. Францад Монголчууд хэрхэн хулгай хийдэг талаар ярьсан юм.

Францад шударгаар ажлаа хийгээд явах, эсвэл хулгай хийгээд амьдрах гэсэн 2 үндсэн сонголт байдаг аж. Ах хүүгийн ярьж буйгаар бол хулгай хийдэг “гарууд” дэлгүүрт ороод камернуудын хөдөлгөөнүүдийг ажиж байгаад хамгаалалтын мэдрэгчий нь хуулаад, халааслахы нь халааслаад, өвөртлөхий нь өвөртлөөд , тэгээд хэнэг ч үгүй гараад явчихдаг гэнэ. Дэлгүүрээс гаргаж ирсэн бараагий нь тал үнээр нь худалдаж аваад цааш нь хүмүүст дамладаг сүлжээ маягийн “гарууд” ч байдаг гэнэ. Зарим хүмүүс  энийг, тэрийг авмаар байна гээд бүр “захиалгаа өгчихдөг” гэнэ. Х-түцийн нэг хошин шог байдаг даа, гуйлга хийдэг мөртлөө Land Rover уначихсан, хаусд амьдардаг нэг хөгжилтэй хошин шог. Тэр нь шиг өмсөж, зүүж, унаж байгаа зүйл нь томчуудын зиндааных гэнэ. Түүнээс гадна зарим нэг “гарууд” бүр гэр бүлээрээ хүртэл хийдэг гэнэ.

Банк дээрэмддэг талаар үзүүлдэг Америкийн адал явдалт киног үзээд байна уу гэмээр ах хүү нүдэнд харагдтал ярина. Эсвэл Робин Гүүд, шилийн сайн эрсүүдийн талаар яриад байгаа юм шиг сэтгэгдэл төрж байсныг одоо нуугаад яахав. Гэхдээ харамсалтай тэд нар ядуусын төлөө баячуудын хөрөнгийг хулгайлан тарааж өгдөг өглөгч сэтгэлтэй Робин Гүүд, шилийн эрс ч биш. Тэд амьдрахын төлөө ингэж байна гэж худлаа ш**н шалтаглан архиар толгойгоо усалж хулгай хийж буй арчаагүй “гарууд”.

Одоо үед нэг тийм хачин өрөвдөлтэй “хандлага” байна аа. Дээрээ ч идэж байна, доор байгаа би “жоохон” юм хумслахад яадаг юм гээд бүүр ичих нүүрээ элгэндээ наагаад, бусдад гоё сайхан харагдахын төлөө мөнгөнд нүдээ ухаад өгөхөд  бэлэн. Яахав өнөөдөр хулгайн мөнгөөр өөрийгөө чимээд гаднаа сайхан харагдаж байна гэж бодож байгаа бол том эндүүрч байна гэж л хэлмээр байна. Учир нь худал хуурмагаар олсон болгон чинь өдрийн турш амар тайван байлгалгүй мөрдөн мөшгөж, шөнө ч унтуулахгүй хар даруулж байгаа дотор айдсыг чинь харж байна. Ээ хөөрхий дөө.

Ер нь тэгээд мөнгө гэдэг зүйлд хэт шунах юм бол харах мэлмийг тань хүртэл боочихдог аюултай.  “Зоосны нүхээр харна” гэж хэлдэг дээ. Мэлмий тань мөнгөөр таглагдсан бол бүх зүйлийг мөнгөөр харж эхэлнэ. Эд зүйлээс гадна эх орон, найз нөхөрлөлөө ч гэсэн “мөнгөний филтртэй шил”-ээр харна. Тэр үед амьдралын утга учир мөнгө биш байсныг ухаарахвий дээ. Яагаад гэвэл амьдралын сайхан нь “мөнгөний шил” зүйлгүйгээр харагддаг учир.

Яахав, одоохондоо болоод байгаа мэт санагдаж магад. Амташсан хэрээ 10 нахина гэгчээр мөнхөд болоод байна гэж бодож байгаа бол хөөрхийдөө дутуу сэтгэж байна даа. Яагаад гэвэл Францад ч, Монголд ч гэсэн хууль чангарч байгаа. Дээд сэнтийд суугаад хулгай хийсэн ч бай, эсвэл гудамжныхаа дэлгүүрээс хэдэн бараа халаасалсан ч бай эдгээр хүмүүсийн уулзах газар бол нэг. Шорон. Төөрсөөр төрөлдөө гэгч нь болох вий. Мэдээж шоронд хийж амьдаар хатаах хүсэл иргэн надад ч, таныг барьсан цагдаад ч, ял оноосон шүүгчид ч байхгүй боловч тэнд орж л ухаарах гээд байгаа юм шиг одоо ингээд мулгуутаад байх юмдаа, хөөрхийс. Шударгаар хөдөлмөрлөхөд хөлс хүртэл амттай болдгийг заавал шоронд орж ухаарах гээд байгаа бол яахав дээ, гэхдээ тэр үед хайртай бүхэн таныг орхичихсон байх вий дээ. “Бодлын хулгайч” гэдэг киноны төгсгөлд: “Би хүний бодлыг хулгайлсан гэж эндүүрч явж. Гэтэл үнэндээ өөрийнхөө бодлыг, өөрийнхөө амьдралыг “өөрөөсөө” хулгайлсан байж. Өнөөдөр юу тарина, түүнийгээ маргааш хурааж авна” гэж тов тодорхой хэлсэн байдаг.

Хувилгаан хэрэгтэй болоод бурхны орноос уригдаж ирээгүй
Хулгайч хэрэгтэй болоод чөтгөрийн орноос баригдаж ирээгүй
Хүн хэрэгтэй болоод хүний дунд өөрөө ирсэн юм.

Бид нар бүгдээрээ аль нь сайн, аль нь муу гэдгийг мэдэхгүй тийм цэвэр “цагаан” тархитай төрсөн. Эхийн сүү ч гэсэн хэнийг ч ялгалгүй цагаан өнгөтэй байдаг. Харин том болоод хүн болгон тус тусын өнгөтэй болдог. Амьдралын цагаан туяа нь байх уу, эсвэл хар толбо нь байх уу, энэ бол таны л сонголт. Битгий өөр зүйлд бурууг тох, хүн болгон сонголтоороо амьдарч байгаа. Надад өнөөдөр хулгай хийх 100 шалтаг байлаа гэж бодоход хулгай хийхгүй зөв амьдрах 1000 шалтгаан байгаа болохоор сонголтондоо бардмаар амьдран үүнийг бичиж байна. 



Сэтгэгдэл бичих