Эх орныхоо хөгжлийн төлөө хамтарцгаая

Нийтлэсэн: admin
Огноо: 2013-12-20
tomoos+uhaalag+ruu

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилгаар 2013 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр “Том төрөөс ухаалаг төр лүү” Үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан билээ. Дараа нь Ухаалаг төрийг дэмжих Тунхагт  УИХ-д суудалтай нам, бүлгийн дарга нар болон УИХ-ын бусад гишүүд гарын үсэг зураад байгаа ба энэхүү бодлого уриалгад иргэд, түүний дотор гадаадад амьдарч байгаа Монголчууд нэгдэн оролцож хувь нэмрээ оруулах боломж нээлттэй байна. Манай улсын цаашдын хөгжил дэвшилд бусад улсын хэрэгжүүлж үр дүнд хүрсэн сайн туршлага, түүнийг өөрийн орондоо нутагшуулан хэрэглэх мэдлэг, дадлага, аргачлал туйлын чухал юм.

Дээрх зорилтын хүрээнд төрийн тогтолцоо, үйл ажиллагааг ардчилал зах зээлийн зарчимд нийцүүлэн боловсронгуй болгох, төрийн нэгдсэн бодлого, үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, төрийн албаны зохион байгуулалт үйл ажиллагааг шинэчилж, төрийн албаны бүх шатанд хариуцлагын тогтолцоог бий болгох, төрийн үйлчилгээний чадавхийг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх, төрийн зүгээс бизнесийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг халах, улс төрийг бизнесийн нөлөөллөөс ангид байлгах, авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлэх, үндэсний үйлдвэржилтийг дэмжих, өмчийн эрхийг баталгаажуулан хувийн хэвшлийг дэмжсэн эдийн засгийн өсөлтийг хангах, хуулийн засаглал бүхий оролцоог дэмжсэн төрийн бүтцийг бий болгох, судалгаанд суурилсан шийдвэр гаргаж төрийн үйлчилгээ үзүүлдэг болох, гэрээний сахилгыг дээдлэн мөрдөхийг хэвшүүлэх, шууд ардчилал болон орон нутгийн хөгжлийн санг дэмжих, үндэсний хөгжлийн урт хугацааны бодлогыг хуульчлан тодорхойлох, сонгуулийн хууль тогтоомжийг төгөлдөржүүлэх, мэдээллийн технологи нэвтрүүлэх зэрэг орчин үеийн өрсөлдөх чадвартай төрийн цогц шинэтгэл хийх бодлого агуулагдаж байна.

Хилийн чанадад аж төрж байгаа боловч улс, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө санаа тавьж, энэ үйл хэрэгт тус болохуйц асар их мэдлэг туршлага хуримтлуулж яваа Та бүхэндээ хандан Монгол Улсаа хөгжүүлэхэд юу хэрэгтэй байгаа, яаж хийж хэрэгжүүлэх боломж байгаа талаар санал бодлоо бидэнд тогтмол ирүүлж байхыг уриалж байна. Тус яамны зүгээс та бүхний ирүүлсэн санал, санаачлага, мэдээллийг Монголын мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэх, холбогдох төрийн байгуулагуудад уламжлах ажлыг зохион байгуулж, та бүхнийг эх оронтойгоо ажил хэрэгч, эх оронч үзэл санаа, үйл хэргээрээ холбогдох боломжийг зохион байгуулж хамтран ажиллах болно.


Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайдын яам


Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог