Чех улсад суралцахыг хүсэгчдэд зориулсан мэдээлэл

Нийтлэсэн: admin
Огноо: 2013-10-11

student
Асуулт №6 дээр БНЧУ-д оюутан хэрхэн болох талаар сонирхсон асуусан байсан. Энэхүү хүсэлтийн дагуу Чех улсад сурах боломжийн талаар шинэчилсэн мэдээлэл өгөхөөр шийдлээ.
J

БНЧУ-ын их, дээд сургуульд сурахын давуу тал нь Европын стандартын мэдлэгийг харьцангуй хямд зардлаар эзэмших боломжийг олгож байгаа юм. Чехэд сурах боломжийг хэлний талаас нь харгалзан ангилбал үндсэндээ 2 бүлэгт хувааж болно.

1. Чех хэл дээр сурах

2. Англи хэл дээр сурах

Эхлээд англи хэл дээр сурах боломжийн талаар тайлбарлая. Сүүлийн жилүүдэд Чех дэхь ихэнх их, дээд сургуулийн сургалтын программууд зөвхөн чех хэлнээс гадна англи хэл дээр сурах боломжоор “баяжигдаж” байгаа нь тун сайшаалтай юм. Үүнээс гадна суралцах хугацаандаа Европын өөр улсын их, дээд сургуульд оюутан солилцооны хөтөлбөрт багтан “нэг сумаар 2 туулай буудах” боломж зөвхөн Чех оюутан гэлтгүй гадны оюутанд ч гэсэн нээлттэй байдгийг дурдах хэрэгтэй байх. Мэдээж англи хэл дээрх сургалт нь төлбөртэй байх бөгөөд аль сургууль, ямар мэргэжил гэдгээсээ хамааран төлбөрийн хувьд харилцан адилгүй. Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох сургуулийн вэбсайтнаас авахыг зөвлөж байна.

За 2 дахь том бүлэг буюу Чех хэл дээр суралцах боломжийн талаар товчхон мэдээлэл өгье. Англи хэл дээр сурах боломж байсаар байхад ЯАГААД чех хэл дээр сурах хэрэгтэй бэ та асууж магадгүй. Яагаад гэвэл, чех хэл дээр, тодруулбал, Чех улсын төрийн их, дээд сургуульд чех хэл дээр суралцахад төлбөргүй байдаг. Байр, хүнс гэх мэт хувийн хэрэгцээний зардлаа та өөрөө хариуцна. Тэрнээс бус сургалттай холбоотой бүх давуу талууд танд яг Чех оюутнуудтай адил түвшинд нээлттэй байх болно. Шаардлага бол энгийн: чех хэлтэй байх, өрсөлдөхүйц чадвартай байх. Гэхдээ мэдээж хүн сайхан зүйлд хүрэхийн тулд тодорхой саад бэрхшээл, шалгуурыг давах ёстой.

Монгол оюутнуудын хувьд Чех хэл дээр сурах 2 үндсэн зам байна.

1. БНЧУ-ын засгийн газрын тэтгэлгээр

2. Хувийн зардлаараа сурах

БНЧУ-ын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. Анхаар: Хэрэв та БНЧУ-д байнга оршин суух (trvalý pobyt) эрхтэй бол энэхүү тэтгэлэгийг авах боломжгүй байдгийг анхаарна уу.

Хувийн зардлаар, мөн Чех хэл дээр сурах сонирхолтой залуучууд эхлээд их, дээд сургуулиудын харьяа хэлний бэлтгэлийн төвд Чех хэлийг сурахыг зөвлөж байна. Энэхүү хэлний бэлтгэлийн төв нь зөвхөн Чех хэл заахаас гадна, их, дээд сургуулийн конкурс шалгалтанд давхар бэлтгэж байдгаараа бусад “энгийн” чех хэлний дамжаагаас хамаагүй давуу талтай байдаг. Хэлний бэлтгэлийн төвийн төлбөрийг та өөрөөсөө гаргана. Хичээлийн жилийн төгсгөлд Чех хэлний В2 түвшиний шалгалт өгнө. В2 түвшиний сертификаттай болсноор их, дээд сургуульд ороход нэг алхамаар урагшилна гэсэн үг.

Хэлний мэдлэгийн сертификатаас гадна, “nostrifikace“ буюу Монголд эзэмшсэн бүрэн дунд боловсролыг тань БНЧУ-ын боловсролын системийн шаардлагатай дүйж байна гэсэн батламж бичиг хэрэг хэрэг болно. Монгол хэл дээрх бүрэн дунд боловсролын үнэмлэхээ Чех хэл рүү албан ёсоор орчуулуулаад бусад шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлээд болно. Зарим тохиолдол, тухайлбал Монголд орсон хичээлийн нийт цаг нь Чехийнхээс дутуу байх тохиолдолд “дүйцүүлсэн шалгалт” чех хэл дээр өгөх шаардлага гардаг. Гэхдээ тэр хичээлийг Монголдоо хийж байсан бол энэ шалгалтнаас айгаад байх хэрэггүй. J

Харин хамгийн сайн бэлтгэх ёстой шалгалт бол конкурсны шалгалт. Ямар нэгэн ялгаа байхгүйгээр тоотой хэдхэн хуваарь дээр Чех залуучуудтай адил конкурсээ өгч хүссэн сургуульдаа орохын тулд хамаг бүхнээ дайчлахад бэлэн бол зориглоод үзэхийг зөвлөе. Чи чадна. Зоригтой, зорилготой, бас зогсоо зайгүй хөдөлмөрлөөд байхад бэрхшээл зүгээр л эрхшээлд ороод ирнэ.

Оюутан байх хугацаандаа ажил хийх боломж байдаг уу гэж залуучууд их асуудаг. Мэдээж цаг заваа зохицуулаад ажил хийж болно. Цагийн ажлын олдоц хот хотоосоо хамаараад янз бүр. Ажиллаад, сураад аль альнийг нь амжуулах вариантыг үгүйсгэхгүй

Гэхдээ шулуухан хэлэхэд, цагийн ажил хийгээд сургуульдаа бас сурна гэдэг тийм ч амархан биш. Гол зорилгоосоо битгий хэт хазайгаарай гэж захимаар байна.

Эцэст нь хураангуйлахад, хэрэв англи хэл дээр сурмаар байвал, мэргэжлээ бичээд “Гүүглэ”-д. Хайсан сургуулиа олсон бол сургуулийнхаа оюутныхаа алба руу э-майл бич. Тэд нар юу юу шаардлагатай болох талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Хэрэв тэтгэлэг хайж байгаа бол дээр “хуваалцсан” холбоосоор ороод холбогдох мэдээллийг цаг алдалгүй авч байгаарай.

Хэрэв чех хэлээр сурах бол эхлээд хэлний бэлтгэлийн төвөө интернетээр олчих. Төлбөр мөнгө нь хэд болохы нь судлаад, ямар бичиг баримт бүрдүүлэх талаар УБ дахь БНЧУ-ын элчин сайдын яамнаас асуугаарай. За за хүн хүсвэл ямар ч мэдээллийг олж чаддаг юм. Тийм болохоор олон таван үггүй АМЖИЛТ ХҮСЬЕ!



Асуулт 6: Оюутны виз яаж гаргуулдаг вэ? Монголоос бол 2 сарын хугацаатай гаргаад Чехэд ирсэн хойноо сунгуулна гэсэн.Чехэд ирсэн хойноо ямар бичиг баримт бүрдүүлж хаана очих ёстой талаар дэлгэрэнгүй зөвлөгөө өгөөч?

Оюутны визний талаарх мэдээллийг эндээс авна уу. Оюутны виз нь D төрөл буюу урт хугацааны визэнд ордог ч гэлээ эхлээд түр хугацааны визтэй ирдэг. 90 хоног нь дуусахаас өмнө буюу дараагийн сунгалтаараа удаан хугацааны оршин суух эрхээ авдаг. 



Сэтгэгдэл бичих