Чех дэх Монголчуудад зориулсан зарим мэдээлэл

Нийтлэсэн: admin
Огноо: 2015-04-09

Сүүлийн жилүүдэд Чех улсад 5-аас дээш жил тасралтгүй ажиллаж амьдраад Чех улсад байнга оршин суух эрхээ (trvalý pobyt) хууль ёсоор авсан гадаадын иргэд, түүний дотор монголчууд хэдэн мянгаараа болсон. Гэвч Чех улсын дундаж цалин нь Европын бусад хөгжингүй орнуудынхаас харьцангуй бага байдгаас манай олон монголчууд Европын бусад орон луу амьдралын эрхээр нүүн шилжиж илүү цалин орлоготой ажил хайсаар хэдэн жил болж байна.
Чех улсад байнга оршин суух эрхтэй гуравдагч орны (энэ нь Европын Холбооны бус улсуудыг хэлдэг, АНУ-ын иргэд ч гуравдагч оронд багтана) иргэд нь, Европын Холбооны зөвлөлийн 2003.11.25-ны өдрийн 2003/109/ES тоот удирдамж болон бусад журам дүрмийн дагуу бол Европын холбоон дотор өөр улсад ажил хөдөлмөр эрхлэх хүсэлт гаргавал нааштай шийдэгдэх магадлал өндөр, хууль журмын дагуу эрх үүргийн нөхцөл бүрэн бүрдэх бололцоотой. Энгийн үгээр хэлвэл, “хараар” байгаа хүмүүсээс хамаагүй давуу талтай юм.
Гэхдээ би, ЕХ-ын улсууд доторх хөдөлгөөн шилжилтийн талаар биш, харин Чех улсад байнга оршин суух эрхтэй хүмүүс Чех улсаас ЕХ-ны өөр улс руу гарах шилжихийн өмнө юуг анхаарах ёстой талаар товч мэдээллийг зарим хүмүүсийн хүсэлтээр хүргэж байна.
Юуны өмнө байнга оршин суух эрхийн (trvalý pobyt) талаар:
- Чех улсад тасралтгүй 5 жил ажиллаж амьдарсан гуравдагч орны иргэн энэхүү байнга оршин суух эрхийг (цаашид “БОСЭ” гэе) хүсэх эрхтэй болно. Үүнд, өргөдөл болон бусад зохих материалыг бүрдүүлж өгөхөд чех хэлний анхан шатны А1 зэрэглэлийн шалгалт өгч тэнцсэн гэрчилгээ байх ёстой.
- Чех улсад БОСЭ-тэй болно гэдэг нь ажил хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, нийтийн эрүүл мэндийн даатгалд хамрагдах, нийгмийн халамж хүртэх зэргээр чех улсын иргэдтэй бараг адил тэгш эрхтэй бөгөөд зөвхөн сонгох сонгогдох эрхгүйгээрээ л ялгаатай.
- БОСЭ хүчингүй болох нөхцлүүд:
o Чех улсын иргэн болсон бол
o Гуравдагч орны иргэн тухайн гадаад хүн ЕХ-ны өөр улсын байнга оршин суугч болсон бол
o Гэмт хэргийн улмаас Чех болон ЕХ-ны улсаас албадан гаргасан бол
o Нас барсан бол
- БОСЭ-ийг цуцлах нөхцлүүд:
o БОСЭ-тэй уг гадаад хүн Чехийн нутаг дэвсгэрт 6-аас дээш жил амьдраагүй, үүнд Европын Холбооны улсуудын нутаг дэвсгэрт 1 жил амьдарч оршин суугаагүй бол цуцлагдана. Өөрөөр хэлбэл, Монгол эсвэл Европын Холбооны бус өөр оронд 1 жил амьдарвал БОСЭ цуцлагдах нөхцөл бүрдэнэ.
o Санаатай үйлдсэн гэмт хэргийн улмаас хорих ял хүлээсэн бол мөн цуцлагдана.
Чех улсаас гадагшаа гарах гэж буй улсууд дараах зүйлсийг анхаарах ёстой:
1. Хэрвээ Чех улсаас ЕХ-ны өөр улс руу гарч тэндээ мөн БОСЭ авах хүсэлтэй, ажил хөдөлмөр амьдрах байр сууцаа олсон, мөн тэндээ ЭМД-д хамрагдсан бол Чех улс дахь ЭМДаатгалаа цуцлуулаад явсан нь дээр. Яагаад гэвэл Чехийн нутаг дэвсгэрт урт богино ямарч хугацаагаар байгаа өөрсдийнх нь болон гадаадын ямар ч иргэд заавал ЭМД-тай байх ёстой бөгөөд тогтмол ажил орлогогүй бол сарын шимтгэлийг доод хэмжээгээр (1080 корун) ямар нэг аргаар төлж байх ёстой, эс тэгвээс дараа нь өр төлбөр болж хуулийн дагуух асуудал бэрхшээл үүсдэг. Өөрөөр хэлбэл тэр хүнийг Чех улсын нутаг дэвсгэр дээр байна, гэхдээ хуулийн дагуу ЭМД-аа төлөөгүй бна гэж үздэг. Харин ЭМД-аа цуцлуулаад явсан тохиолдолд ийм асуудал үүсэхгүй. Чех улсад 6 жилийн дотроо эргэж ирвэл өөр улсад ЭМД-тай байсныгаа батлах бичиг баримт тодорхойлолт гаргаж өгөх шаардлагатай болдог. Энэ нь Монголд байж байгаад ирсэн хүнд ч хамаарна. Гэхдээ Монголд бол 1 жилээс илүү удсан бол БОСЭ цуцлагдана гэдгийг анхаараарай. Чех улсад эргэж ирээд удаан хугацаагаар амьдрах бол ЭМД-аа сэргээж үргэлжлүүлэн шимтгэлээ төлж байх ёстой. Ер нь аль байгаа газраа ЭМД-тай байна гэдэг нь Таны өөрийн тань эрх ашигт хэрэгтэй юм. Өвдөх зовох үед эргэж Танд үйлчилнээ гэсэн үг.
2. Нийгмийн даатгалын шимтгэлийн тухайд ЭМД шиг хуулиар заавал төлөх албагүй, сайн дурын хэрэг. Насны эцэст тэтгэвэрт гарахад л гол нь чухал эд. Гэхдээ хаана тэтгэвэр тогтоолгохоос оо болно. Энэ талаар буюу Чех-Монголын Засгийн газрын хооронд нийгмийн халамжийн шимтгэлийг шилжүүлэх тухай гэрээ хийгдтэл асуудал шийдэгдэхгүй байгаа тухай би дээхэн нэг пост оруулж байсан. Чех улсад амьдарч байгаа, цаашдаа ч эндээ тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй хүмүүс тэтгэврийн нэмэлт даатгал хийлгэж шимтгэлээ нэмж төлж байхад илүүдэхгүй шүү. Тэтгэвэр тань ахиухан тогтоогдоноо л гэсэн үг.
3. Санхүүгийн алба (Finanční úřad- Татварын алба гэж ойлгож болно) –нд тухайн жилийн татварын мэдүүлэг, тайланг бүрдүүлж өгөх итгэмжлэлийг (Plná moc) ойр дотнын, найдвартай хүндээ зохих материалын хамт үлдээсэн нь дээр. Он дууссаны дараа буюу дараа оны эхээр тэр итгэмжлүүлэгч Таны өмнөөс зохих материалыг Татварын албанд өгч татварын зөрүүг бодуулахад хэрэгтэй.
4. Мөн банкинд байгаа дансаа хаалгах, эсвэл явах үедээ хаалгах боломжгүй (нэг хоёр сарын дотор цалин мөнгө, янз бүрийн хурамж шимтгэлийн гүйлгээ хийгдэхээс шалтгаалаад) бол тодорхой хугацааны дараа хаах эрхтэйгээр мөн ойр дотнын хүндээ итгэмжлэл үлдээх нь дээр. Ямар ч гүйлгээ хийгдэхгүй болсны дараа ч данс тухайн банкинд хэвээрээ байгаад байвал наад зах нь данс хөтөлж байгаагийн хураамж шимтгэл банкнаас суутгагдах болдог, гэтэл дансанд мөнгө байхгүй бол энэ нь хасах руу орж өр болж эхлэнэ, тэгээд тодорхой хугацааны дараа өр нэхэгдэнэ, өр барагдуулах алба руу шилжинэ гэх мэт асуудал үүснэ. 1 мөнгөний өр ч өр болдог гэдгийг санах хэрэгтэй шүү.
5. Чехийн зарим банк, мөнгөний байгууллагаас их бага хэмжээгээр зээл авсан, түүнийгээ барагдуулаагүй гадагшаа гарсан, Монгол буцсан хүмүүс нэлээн бий. Энэ хүмүүс ар өврөөсөө нэхэл хатуутай байх болно шүү гэдгийг анхаараарай. ЕХ-ны улсуудад байгаа бол энэ шугамаар өр хөөцөлдөх нь ойлгомжтой. Одоохондоо Чехийн дотоодын болон ЕХ-ны мэдээллийн систем энэ талаар сулавтар, тэр болгоныг хөөцөлдөж амжихгүй, бас мэдээллийн системд бүрэн мэдээлэл оруулаагүй байгаагаас “гайгүй” байгаа. Яваандаа ЕХ энэ талаар ч бас хууль журмаа чангаруулж хамтарч иймэрхүү асуудлыг шийдэж эхлэх нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл, чехээс зээл аваад төлөөгүй байгаа хүмүүсийг ЕХ-ны бусад улсад байвал олж өр барагдуулах талын ажил идэвхжинэ шүү. Зарим хүмүүс Чехэд энэ талаар өмгөөлөгчтэй, байнга харьцаж, бас бололцооныхоо хэрээр өрөө барагдуулахаар чармайж байдаг нь сайшаалтай. Энэ нь бас манай улс Монголын ч нэр хүндийн хэрэг билээ. Ийм өртэй хүмүүс мөн гадагшаа явахдаа хэн нэгэнд итгэмжлэл үлдээх, чех улсаас ямар хугацаагаар явж буй, буцаж ирэх эсэхээ мэдээлж тодорхой тохиролцоо хийх (өр төлбөрөө хэрхэн барагдуулах талаар тохиролцох) зэргээр зохицуулвал өрийн хүү, торгууль нэмэгдэх, бусад дагалдах асуудал үүсэхээс сэргийлж хөнгөлөлттэй нөхцлөөр өрөө төлөх боломж бас байдаг.
6. Чех дэх БОСЭ-ээ хадгалж үлдэх зорилгоор зарим хүмүүс ямар нэг байр сууцны эзэнтэй тохирч байрны бичиг хийлгүүлж, түүнийгээ Гадаадын харьяатын цагдаагийн газарт өгч, тэр хаяган дээрээ оршин сууж байгаа мэт харагддаг. Гэвч цагдаагийн газраас хаягийн шалгалт давтан хийхэд уг хүн хаяган дээрээ байхгүй бол түүнийг биечлэн Цагдаагийн газар ирэх зарлан дуудлага ирдэг. Энэ зарлангийн дагуу ч тухайн хүн очихгүй бол БОСЭ-ийн үлдээх эсвэл цуцлах асуудал үүсэж эхлэнэ. Ингэснээрээ уг гадаад хүн “Гадаадын иргэд оршин суух тухай” хуулийг зөрчиж эхэлж бна гэсэн үг. Гэхдээ ЕХ-ны өөр улсад БОСЭ эрх авсан бол энэ нь илүү ажил, илүү зардал юм. Харин уг хаяг дээр байрны бичиг хийж өгсөн хүн нэлээн асуудалд орох магадлалтай. Наад зах нь, хог хаягдлын жилийн хураамжийг уг хүний өмнөөс төлөхөөс эхлээд хэрвээ хаяг хийлгэсэн хүн нь ямар нэг өр төлбөртэй бол энэ хаягаар нь өр барагдуулах албаныхан ирж дарамтлах, эд хөрөнгийг нь лацдах, хураах хүртэл асуудал үүсэж болно. Тиймээс өртэй хүмүүс өөр тийшээ явахдаа байнга оршин суух хаяг (trvalé bydliště) биш харин зуучлах, бичиг захидал хүлээж авах (korespondenční adresa) гэж зохих байгууллагуудад өгч байх нь зүйтэй.
... За энэ удаад миний санаанд орж байгаа зүйлс ийм байна. Энэ бүхэн бол наад захын мэдээлэл бөгөөд бүх хууль журмыг унших судлах зав байгаагүй гэдгийг анхаарна уу. Тиймээс миний мэдэхгүй шинэ дүрэм журам, өөрчлөлт гарч ирэхийг үгүйсгэхгүй.
Тэгээд асууж лавлана бизээ.


Эх сурвалж: Б. Мянганбаяр


Сэтгэгдэл бичих