БНЧУ-ын ЭСЯ виз болон оршин суух зөвшөөрөл хүсэгчдэд шинэ бүртгэлийн системийг эхлүүллээ

Нийтлэсэн: admin
Огноо: 2017-11-28


Өнгөрсөн долоо хоног буюу 2017 оны 11-р сарын 24-нээс эхлэн Монгол улсад суугаа Чех улсын ЭСЯ виз болон оршин суух зөвшөөрөл хүсэгчдэд шинэ бүртгэлийн системийг эхлүүлж байна. Интернэт дээр суурилсан Визапойнт хэмээх өмнөх систем нь олон хүний тэвчээр, бухимдлыг бардаг байсан ба ийнхүү дэлхийн 37-н оронд дуусгавар болон хаагдлаа. Шинээр танилцуулж буй бүртгэлийн систем нь утас болон электрон шуудан дээр суурилжээ.

Богино хугацааны шенгений, эсвэл ажил эрхлэлтийн визний өргөдлийг Монголчууд бид хамгийн ихээр мэдүүлдэг билээ. Энэхүү 2 визний ярилцлагийн цагийг долоо хоног бүрийн Баасан гараг бүр 7011 0223 утасны дугаар луу залгаж захиалах боломжтой. Гэхдээ шенгений визний хувьд дээрх утасны дугаар баасан гарагийн өглөө 08:30 минутаас хойш ажиллаж эхлэх бөгөөд дээд тал 58 хүнд цаг олгоно. Ажлын визний хувьд баасан гарагийн 13:30 минутаас хойш тухайн утасны дугаар руу залгаж захиална. Дээд тал нь 18 хүн. Виз мэдүүлэгчдийн хийсэн дуудлагын дарааллаар автоматаар жагсаалт үүснэ. Ярилцлагын цагийг дамнан зардаг байдлыг зогсоох зорилгоор, тухайн жагсаалт руу ямарваа нэгэн аргаар нэвтэрч, жагсаалтыг өөрчлөх, товлосон цагийг өөрчлөх, эсвэл өөр хэн нэгнийг хүлээн авах боломжгүй хэмээн БНЧУ-ын ЭСЯ мэдэгдэж байна.

Гэр бүл нэгдэх, суралцах, бизнес эрхлэх зорилгоор урт хугацааны эсвэл удаан хугацааны оршин суух эрх мэдүүлэх, байнгын оршин суух гэх бусад төрлүүдийн хувьд зөвхөн visa_ulaanbaatar@mzv.cz и-мэйл хаягт баасан гараг бүр 08:30 минутаас эхлэн хандаж дараа долоо хоногт хүлээн авах 15 ширхэг визийн өргөдлийн ярилцлагын тов олгохоор тохируулжээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авч болно.



Сэтгэгдэл бичих