“Би хэрхэн Монголоороо байх вэ” нээлттэй ярилцлагын тэмдэглэл

Нийтлэсэн: admin
Огноо: 2013-05-31

DSC05138

2013 оны 5 сарын 26-ны өдөр Праг хотноо Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн, их хамба лам, гавж Д. Чойжамц гуай БНЧУ-д сурч, ажиллаж буй Монголчууддаа зориулан “Би хэрхэн Монголоороо байх вэ” сэдвийн дор нээлттэй ярилцлага хийлээ.

“Монголд байгаа, эсвэл Чех, АНУ гээд дэлхийн ямар ч улс оронд байгаа Монголчууд биднийг холбож байгаа нэгэн зүйл бол Монгол зан заншил юм” хэмээн тун оновчтойгоор тодорхойлон лекцээ эхэлсэн нь түүний яриаг анхнаасаа сонирхолтой болгов.

DSC05146

Ер нь хүний амьдралд гэр бүл их чухал нөлөөтэй байдаг. Эр хүний ноён нуруу, эзэгтэй хүний халамж энэрэл нь арга билэг мэт зохицон байх аваас тэрхүү гэр бүл аз жаргалтай байна. Бие биенээ хүндэтгэж, ойлгохыг хичээн харьцах нь гэр бүлийн аж жаргалын үндэс. Мөн тийм гэр бүлийн гишүүдийн ажил үйлс ч бүтэмжтэй байх болно. Эр, эм хүний эрхэмлэх болон цээрлэх ёсон гээд гэр бүлийн харьцааг тогтвортой, зөв байлгах олон уламжлалт соёл бидэнд байгаа. Гэтэл үүнийгээ одоо үед мэддэг ч мэддэггүй юм шиг баримтлахгүй, баримталж хэрэгжүүлэхийг төдийлөн хичээхгүй байгаа нь харамсалтай. Жишээлбэл: Монголчууд бид гэртээ муу үг хэлэхийг цээрлэдэг. Гэтэл одоо телевиз асаагаад л энэ муу 76 гээд харааж эхлэх эцэг эхчүүд хүүхэд нь дэргэд нь сууж байгаа гэдгийг огт анзаарахаа больсон мэт. Хүүхэд бол эцэг эхийнхээ толь нь байдаг. 

DSC05153

Монголчууд бид хүүхэд хүмүүжүүлэх тал дээр арвин уламжлал, туршлагатай. Буруу юм хийвэл аль болох “давраахгүйгээр” зөвөөр ойлгуулах, шаардлагатай бол өөрт нь таарсан шийтгэлийг оноож байх нь муу үйл биш юм. Хамба гуай нэгэн айлд сууж байж. Гэтэл хүүхэд нь дуртай юмы нь авч өгсөнгүй гээд шууд эхийгээ цохиод авахыг хараад ихэд балмагдав. Харин хамгийн ихээр балмагдуулсан зүйл бол эх нь хүүхэддээ буруу юм хийсэн гэдгийг ойлгуулахын оронд харин ч эсрэгээр “өөгшүүлэн” үнсэж аргадав. Мэдээж ингэж аргадуулсан хүүхэд ээжээсээ дахин үнсэлт авахын тулд улам чанга уйлж, улам чанга эхийгээ цохих болно. 

Ер нь бие, хэл, сэтгэл 3 нэг байх аваас хүн хүнээрээ байна. Тийм байж хүн жаргалтай байх болно. Сэтгэл нь нэг юм хүсээд, хэл нь өөр юм хэлээд, бие нь огт өөр үйл гүйцэтгээд байвал энэ зовлон болно. Хүүхдийн хүмүүжилд ч гэсэн бие, хэл, сэтгэлийн зохицолыг үүсгэхийг хичээх хэрэгтэй. АНУ, Чех гээд дэлхийн аль ч улсад байгаа Монголчуудад тулгардаг нэг асуудал байдаг. Өөрсдөө сайн ярьдаггүй ч хүүхэд нь “хэлгүй” байхын зовлон битгий амсаасай гэж бодоод гадаад хэлийг төрөлх хэлнээс өмнө тавьдаг.  Тэгээд “пицца хэл”-тэй ч гэсэн гэртээ гадаадаар ярьж эхэлнэ. Хүүхэд нь мэдээж 1-2 жилийн дараа аав, ээжээсээ сайн ярьдаг болно. Том болох тусам гэр бүлийн асуудал үүсэхэд хоорондоо ойлголцож чадахаа байна. Ийм гэр бүлд хүүхдийн “бие”нэг гэрт байгаа мэт боловч хэл нь өөр, цаашлаад сэтгэл нь өөр болж хүмүүжиж байгаа тул том болоод гэр бүлээ орхиод явна.

DSC05154

Барууныхантай адилхан хөгшрөхөөрөө хэрэглэнэ гээд дансандаа мөнгө хадгалдаг Монгол хүн ховор. Харин ч хоёргүй сэтгэлээр үр хүүхдээ сайн хүн болгохын төлөө бүх л “байдгаа” зориулдаг. Үр хүүхэд нь энэхүү ачий нь бага хэмжээгээр боловч хариулахсан хэмээн бодож явна. Тийм ч учраас эцэг эх нь нас өндөр болоход дэргэдээ байлган халамжилдаг сайхан уламжлалтай ард түмэн билээ, бид. Харин дээрх жишээн дээр гардаг шиг хүүхдээ “харийн хүн” болгох аваас өтлөх насанд асрах ч хүнгүй хөөрхийлөлтэй болох аюултай. Тийм учир сэтгэл, хэл, биеийн харьцааг ямагт санаж явбал зохилтой.

Монголчууд бид ямар ч улсын иргэдээс дутаад байх зүйлгүй баян хүмүүс. Бид Европ, барууныхны өндрийг гайхдаг. Гэтэл бид чинь Азидаа хамгийн нуруулаг ард түмэн шүү дээ. Тэгэхээр бие байна уу? Байна. Дэлхий дээрх цорын ганц босоо бичигтэй Монголчууд бид хэл соёлоороо ч баян. Мөн миний Монголын ард түмэн шиг сайхан сэтгэлтэй хүмүүстэй та учрав уу? Энэ 3-ын зөв зохицолыг үүсгэх аваас бидэнд хөгжихөд дутах зүйл алга.

DSC05176

DSC05188

Ярилцлагын төгсгөлд ирсэн зочид хамба гуайгаас асуулт асууж хүссэн хариултаа авав.

Мөн ирсэн сүсэгтэн олондоо зориулж хамба гуай ажил үйлс нь бүтэмжтэй, амьдрал нь аз жаргалтай байхын хүсээд сан тавиж, даллагын ном уншив.

DSC05198

DSC05200

Хамбатай авахуулсан бүх зургийг Фэйсбүүк дээр тавьсан бөгөөд энд дарж үзнэ үү.

Сайн үйлс дэлгэрэх болтугай

 

 

TERGUULEGCH.com



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог