Асуултанд хариулъя

Нийтлэсэн: admin
Огноо: 2013-10-08
FAQ
Админ миний бие Пардубицэ-д Centrum na podporu integrace cizinců байгууллага дээр лхагва гариг бүр 15:00-аас 18:00-н цагийн хооронд орчуулга хийж байгааг та бүхэн эхнээсээ мэдэж эхэлж байгаа гэдэгт итгэлтэй байна. 

Хэдийгээр богино хугацаанд ажиллаж байгаа ч туршлага бага багаар цуглуулж л байна. Хүмүүсийн хамгийн их асууж, лавладаг асуултуудыг Фэйсбүүкээр дамжуулан нэг нэгээр хариу өгч байгааг ажигласан байх. Хариулагдсан асуултуудыг нэгтгэн нэг дор болгон хүргэж байна. 

Асуулт 1: Trvalý (Байнгын оршин суух) эрхтэй хүн хэр хугацаагаар гадагшаа (жишээлбэл, Монгол руу, эсвэл өөр улс руу) явж боломжтой вэ?

- Хэрэв Европын холбооны бүс нутгаас өөр улс руу явах бол дээд тал нь НЭГ ЖИЛ-ийн дотор буцаж орж ирвэл таны trvalý унахгүй. 

- Хэрэв Европын холбооны бүс нутгийн улс орон руу явах бол дээд тал ЗУРГААН ЖИЛ-ийн хугацаанд trvalý хүчинтэй байна. 

Мэдээж хуулийн бусад заалт, шаардлагуудыг (жишээлбэл, байрны бичиг хүчинтэй г.м) хангасан тохиолдолд байнгын оршин суух эрх тань цуцлагдахгүй уг хугацаанд хадгалагдах болно. 

Асуулт 2: Нөгөө айхтар шинэ хууль нь батлагдсан юм уу, юу болсон бэ? 

Энэхүү асуултыг холбогдох байгууллагаас нь албан ёсоор асууж тодруулахаар э-майл явуулсан байсан юм. 

"Хууль батлагдаагүй, хойшлогдсон байгаа" гэсэн хариуг Multikulturní centrum Praha байгууллагын ажилтан Lucie Trlifajova илгээлээ.

Асуулт 3: Тамираа: ahoj ene udriin mend. neg yum asuuh gsiimaa trvalytai hun bairnii bichiggui hed n sar boluul bichig barimt ni unj bgaa ve? tsagdaa s bairnii haygaa heviin baigaa eseh g todruulj boldiin boluu? bayrlalaa

Асуулт 1 дээр байнгын оршин суух эрхтэй хүн хэр удаан хугацаагаар дээд тал нь гадны өөр улс орон руу явахад "trvalý" цуцлагдахгүй хүчинтэй байх талаар хариулсан билээ. Гадаад иргэдийн тухай хуулийн бусад заалтуудтай харшлагдаагүй үед энэхүү хугацаа хадгалах болно гэдгийг мөн давхар сануулсан байгаа. 

Тамираагийн асуусан нөхцөл байдлыг маш сайн ойлгож байна. Гэхдээ байрны эзэн тань байрнаас гарсны дараа "odhlašení" буюу цагдаа дээр мэдэгдэх үүрэгтэй байдаг. Мэдээж практик дээр энэхүү үүргийг нийт байрны эздийн хэдэн хувь нь биелүүлдгийг тодорхой мэдэхгүй юм. Гэхдээ ийм үүрэг таны байрны эзэнд байдаг гэдгийг давхар тооцоолох хэрэгтэй. 

Зарим тохиолдолд, жишээлбэл шинэ орсон байр тань таалагдахгүйгээс улбаалан богино хугацаанд байн байн нүүх шаардлагатай болсон үед, танд 1 САР-ын дотор OAMP (Odbor azylové a migrační politiky) очиж мэдэгдэх хугацаа байгаа. 

Түүнчлэн OAMP дээр 180 хоногоос дээш хугацаанд байрлах байрны хаягаа бүртгүүлнэ гэж бас хуулинд бичигдсэн байдаг. 

Хуульд тусгагдсан, баримтлах ёстой хугацаануудыг дээр бичлээ. Өөрийн нөхцөл байдалдаа тохируулж ашиглах боломжтой эсэхийг давхар мэргэжлийн хүмүүсээс асууж лавлахыг зөвлөж байна. Товчхондоо, хуулийг хүн бүр барих ёстой, хуулийг сайн барибал хууль танд ээлтэй байх болно. За амжилт!

Асуулт 4: Чех хэлнийхээ дараагийн хичээлийг хэзээ тавих вэ? 

Энэ бол хамгийн их асуудаг асуулт.  

Ер нь Чех хэлний видео хичээлийг анх хийж эхлэхдээ 10-н бичлэг хийе гэсэн зорилт тавьсан юм. Түүнийгээ хийсэн болохоор дахиж видео хичээл гаргахгүй. 

Гэхдээ энэхүү эхлүүлсэн ажлаа "төгсжүүлэх" бодол толгой тархинд байнга бодоостой явдаг шүү. Одоо хамгийн гол нь цагаа үр дүнтэй ашиглаж чадвал нэг өдөр бодит бүтээл болно гэдэгт итгэлтэй байна.

Асуулт 5: Урилгын визээр ирсэн хүн хугацаагаа сунгах боломжтой юу?

Урилгын визээр ирсэн хүн хугацаагаа сунгах боломж тун хомс байдаг. Зөвхөн хүндэтгэх шалтгаантай үед, жишээлбэл эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэж байгаа гэх мэт үед тодорхой хугацаагаар сунгадаг.

Танд нийгмийн болоод хууль зүйн талаар ямар нэгэн асуулт байвал дуртайяа хариулах болно. Асуултуудаа дор сэтгэгдэл үлдээж, эсвэл Фэйсбүүкээр, түүнчлэн terguulegch.com@gmail.com хаягаар дамжуулан явуулах боломжтойгоос гадна дээр дурдсан цагийн хуваарийн дагуу биеэр хүрэлцэн ирж асууж болно. 


Хүндэтгэсэн, 
Ариук


Сэтгэгдэл бичих