3-н үндэслэл

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-05-25

kony2_thumb%5B2%5D

За миний бие харийн нутагт амьдраад 4, 5-н жил аль хэдийнэ болчихож. Цаг хугацаа ч дороо юм даа. Энэ хугацаанд юм юм л үзэж, амьдралд хатуужаад туршлага суугаад бага багаар урагшлаад болгох гээд зүтгээд л байна.

Та бүхэнд өсвөр насны нэгэн хүслээ хуваалцан дэлгэе. Анх МУ-ын иргэний үнэмлэх авахаас өмнө сонгууль өгөх ямар байдаг бол хэмээн шохооронгуй боддог байлаа. Иргэний үнэмлэхээ авах жил сонгуулийн жил биш байсан тул дараа жил өгнө дөө гэж төлөвлөж байтал гэнэт гадагшаа явах болоод сонгуульд оролцох хүсэл минь “талаар” болов.

Сонгууль болох болгонд “За дараагийнхаар яг өгч үзнэ дээ” хэмээн бодон өнгөрүүлнэ . Бас 4, 5-н жилийн хугацаа Монголын төрийн хувьд “халуухан” үйл явдлуудаар дүүрэн он жилүүд байв.

Энэ жилээс гадаад суугаа Монголчууд сонгуульд санал өгөх боломжтой болсныг та бүгд мэдэж байгаа. Тэгээд сая МАХН (хуучнаар), АН-ын 2008 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалтууд, мөн 7-н сарын 1-ний үйл явдал, бас сүүлийн 2 сар гаруй үнэн худал нь мэдэгдэхгүй сонгуулийн өмнөх шоу зэргийг харьцуулан уншаад бодлоо л доо: Хэдийгээр сонгуульд оролцох “нууцхан” хүсэл минь биелэх гэж байгаа ч сонгуульд яагаад саналаа өгөх хэрэгтэй гэж өөрөө өөрөөсөө гайхан асуулаа.

1. Би саналаа өгнө. Яагаад санал өгөх вэ гэвэл:

Би ардчилсан нийгмийн хамгийн хүчирхэг гишүүн нь учир.

Та бүхэн анхаарлаа түр зуур энэхүү нийтлэлийн эхэнд байгаа зураг руу хандуулна уу. Энэ бол доошоогоо харуулсан урвуу пирамид. Хэрэв хамгийн дээр байгаа өргөн эгнээг ард түмнээр төсөөлье. Тэдний доор бусад олон төрийн болон төрийн бус институтууд, урвуу пирамидийн хамгийн доод “орой” эгнээг дарга, сайд нар бүрэлдүүлж байна. Энэхүү урвуу пирамид ардчилсан нийгэм уул шугамандаа хэрхэн ажиллах ёстойг харуулж байгаа юм. Бид нар энэ үед амьдарч байгаагаараа азтай юм. Жишээлбэл, хаант засаглал, эсвэл феодалын дарангуйллын үед нийгмийг хөдөлгөж буй гол хүч болсон ард түмэн дээд албан тушаалтанд үгээ хэлэх боломжгүйгээс гадна мөн тэдэнд амьдралынхаа туршид үеийн үед алба гувчуур өгөх ёстой байв. Хэрэв эсэргүүцлээ илэрхийлэх юм бол толгойгүй болно. Ийм нийгэм манайд 20-иод жилийн өмнө ч байсныг мартаж болохгүй. Тийм болохоор хэрэв миний, таны нийгмийн идэвхт оролцоо сулрах юм бол энэхүү урвуу пирамид дахин 180˚ эргэж, ард түмэн доод “масс”-ыг бүрдүүлж, том дарга нар дээш заларсан дээрээсээ доошоо уруудсан “классик” пирамид үүсэн түүхэн ухралт болох аюултай юм.

2. Би саналаа өгнө. Яагаад санал өгөх вэ гэвэл:

Төрийн институтын үйл ажиллагаанд иргэний хувиар хяналт, шаардлага тавих учир.

Сонгуульд ер нь хэнд ч өгсөн ялгаагүй, бүгдээрээ адилхан, бүгдээрээ гараад л “иднэ” гэж ярих хүмүүстэй нэлээн таарах юм. Нэг жишээ авцгаая л даа, жишээлбэл, танай хөрш таниас маргаашийн хугацаатайгаар гар хөрөө зээллээ гэж бодъё. Зээллэхийнхээ өмнө хөрш танд: “Өнөөдөр хэрэглээд, маргааш буцаагаад өгчихнө, санаа зовох хэрэггүй, надад найдаж болно” гээд сайхан амлаад гарна. 1 хоног хүлээлээ, гар хөрөө байдаггүй. 1 долоо хоног хүлээлээ, гар хөрөө бас л буцаж ирсэнгүй. Хэд хэдэн сар, жил ч болж магад. Тэгсэн нэг өдөр шатан дээр санаандгүй таараад “Гар хөрөө яасан бэ?” гэж сануулбал “Маргааш найз нь гар хөрөөний чинь оронд цахилгаан хөрөө болгоод буцаагаад өгье, дахиад нөгөө өөр нэг гар хөрөөгөө өгөөч” гэвэл гуйвал та дахин итгэх гэж үү?
Энэ жишээн дээр үндэслэн юу хэлэхийг хүссэн бэ гэвэл, сонгууль ч гэсэн үүнтэй адил, та саналаа өгчихөөд хэрэв түүний хэрэгжилт биелэлтэнд хяналт, шаардлагаа саналаа өгсөн мөч хормоос эхлэн тавихгүй бол мянгуужингийн үлгэр болон дуусна. Тиймээ, би саналаа өгнө, яагаад гэвэл ирэх 4-н жилд хэрэв төрийн институт болон даргын шийдвэр тушаал миний чөлөөт эрх зүйд нөлөөлж байгаа тохиолдолд хүрч болох дээд түвшин хүртэл нь үгээ хэлж, санаа бодлоо илэрхийлэхээ санал өгөхөөсөө өмнө “ирээдүйн” түшмэдүүдэд сануулж байна. Хэрэв маргааш гэж амалсан хугацаандаа хөрш тань гар хөрөө
г тань буцаан өгч чадаагүй тохиолдолд 2-дохь өдөр нь гар хөрөөгөө авъя гэж нэхэж чадахгүй бол дахин чононд хонио хадгалуулаад яахав. Хэрэв 2 хоноод нэхэж чадна гэж бодож байгаа бол өг! Тэгэж чадвал та зөв шударга хариуцлагатай нийгмийг байгуулахын төлөө гар бие оролцож байна гэсэн үг.

3. Би саналаа өгнө. Яагаад санал өгөх вэ гэвэл:

Одоо үеийн бид нар “шийдвэрлэх үеийнхэн” учир.

Монголын тухай илтгэл болгоноо “Монгол улс Чехийн газар нутгаас 20 дахин том бөгөөд хүн амын тоо нь ердөө л 2,8 сая” гэж эхлэхэд гадаадчуудын ихэнхэд нь ийм том нутагт тийм цөөхөн хүн амьдарч болно гэсэн багтаамж төсөөлөл байдаггүйг анзаараад дотроо өвөг дээдсээрээ бахархаад ирдэг шүү. Монгол улсын хамгийн үнэтэй баялаг нь Монгол хүн өөрөө. Монгол хүн таниас өөр хэн ч Монголыг хөгжүүлэхгүй. Архитектурч Петр өөрөө ирээд Улаанбаатарт метро бариад өгөхгүй, эсвэл бизнесмен Паул ирээд үйлдвэр бариад өгөхгүй. Харин бид нар өөрсдөө бүтээлч, санаачлагатай байж энэ бүхнийг бодит болгох үүрэгтэй. “Золиосны үеийнхэн” гэсэн балай бодлоо оюун тархинаасаа гаргаж хая. Бид нар бол “шийдвэрлэх үеийнхэн”. Хэрэв бидний үеийнхэн илүү хариуцлагатай, илүү шударга, илүү ёс зүйтэй, бас соёлоо илүү хадгалсан нийгэм байгуулахын төлөө зөв тийш нь эргүүлж чадвал бид нар өвөг дээдэс, Чингис хаанаараа бахархдаг шиг ирээдүй үе маань бид нараар бахархах болно. Хэрэв тийм байж чадахгүй, хувь хувьдаа болж байвал хамаагүй гэсэн нэгдмэл бус байх юм бол харин ирээдүй үе маань бид нар луу “нулимах” биз.

Энэхүү нийтлэл сонгуульд саналаа өгөөч хэмээн та бүхнийг ятгахад чиглэгдээгүйг төгсгөлд нь тодруулан хэлмээр байна. Яагаад би энэ удаагийн сонгуульд саналаа өгч байгаагийн 3-н үндэслэл болгоныг ч гэсэн уншигч та бүхэн өөрөө өөрөөсөө асуугаасай гэж хүсч байна. Монгол үндэстний язгуур эрх ашиг батжиг!

 

TERGUULEGCH.com

Нэг чигт
Нэгдмэл хүчээр



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог