2012 оны Анагаах болон физиологийн салбар дахь Нобелийн шагнал

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-10-08

Gurdon

Кёто их сургуулийн профессор Шиня Яманака, Камбриджийн их сургуулийн Гүрдон институтын профессор Жон В. Гүрдон нар гүйцэд боловсорсон эсийг “дахин программчилж” плурипотент буюу олон дахин хуваагдах чадвартай эс гарган авах боломжтой гэдгийг батлан нээсний төлөө 2012 оны Анагаах болон физиологийн салбар дахь Нобелийн шагналыг олгохоор боллоо.

Заан ч бай, шоргоолж ч бай, энэ дэлхий дээр амьдарч буй амьд биес бүгдээрээ үр тогтсон нэг эсээс үүсч байдаг. Уг үр тогтсон өндгөн эс үр хөрвөлийн эхний хэдэн хоногт хуваагдан тодорхой тооны гүйцэд боловсроогүй эсүүдийг үүсгэдэг. Энэхүү үүссэн эсүүдийг плурипотент чадвартай эсүүд гэж нэрлэнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, эдгээр эсүүд цааш мэдрэлийн, булчингийн, элэгний гээд ямар ч төрлийн тусгай эс болон хөгжих чадвартай юм.

Өмнө нь эрдэмтэд плурипотент чадвартай эсээс тусгай эсүүд үүсэх нь зөвхөн нэг урсгалын буюу энэхүү процессыг буцааж болохгүй гэж боддог байж. Харин уг 2 эрдэмтдийн хийсэн нээлт нь дээрх хэвшмэл онолыг эвдэхээс гадна шинжлэх ухааны салбарт, ялангуяа анагаах ухааны салбарт одоохондоо шийдвэрлэж чадахгүй байгаа олон асуудлуудын гацааг тайлах тулгуур чухал нээлт болж байгаа юм.

Гэхдээ энэ нээлт нэг өдрийн дотор хийгдээгүй юм. 1962 онд Жон В. Гүрдон хэрэв бүх эсүүд плурипотент чадвартай эсээс үүсдэг юм бол боловсорсон эсүүдэд плурипотентийн талаарх генетик мэдээлэл байх ёстой гэсэн таамаглалыг дэвшүүлж, мэлхий дээр туршилт явуулжээ. Тэрээр мэлхийн гэдэсний гүйцэд боловсорсон эсийн бөөмийг авч оронд нь мэлхийн үр хөврөлийн эсийн бөөмийг хийсэн байна. Олон дахин оролдлогын эцэст тэрээр бүрэн үйл ажиллагаатай мэлхийг гаргаж авч чадан өөрийн таамаглалаа баталж чаджээ. Тухайн үед түүний хийсэн уг нээлтийг ихэнх эрдэмтэд эргэлзэнгүйгээр үл итгэсэн байдалтайгаар хүлээн авсан ч өөр бусад эрдэмтэд энэхүү туршилтыг давтан хийж боломжтой гэдгийг ар араасаа баталснаар хүлээн зөвшөөрчээ.

yanamaka

Үүнээс хойш 40 гаруй жилийн дараа Гүрдоны нээлт Яманакагийн багийнхний гол сэдэв болжээ. Хэрэв үнэхээр гүйцэд боловсорсон эс дотор плурипотент чадвар агуулагдаж байгаа юм бол яг хаана, ямар ген түүнийг агуулж байгааг олох “их аян”-д Яманакагийн багийнхан гарчээ. Тэд нар холбогч эдийн эс фибробластын генүүдийг бүх боломжит хувилбаруудыг сольж тавьж үзэв. Уйгагүй их хөдөлмөрийн үр дүнд “илбийн нууц” чадварыг ердөө л 4-хөн ген агуулдаг болохыг олсон байна. Уг 4-н генийг дараалуулан байрлуулахад гүйцэд боловсорсон фибробласт эс боловсроогүй, плурипотентний чадвартай эс болж байв. Энэ эсээ induced Pluripotent stem cell буюу гаргаж авсан плурипотент чадвартай үүдэл эс гэж нэрлэжээ. Энэ эс цаашаагаа ямар ч төрлийн эс болон хөгжих чадвартай.

iPS+cell

2007 онд албан ёсоор хэвлэгдсэн уг нээлт нь өөр бусад олон шинжлэх ухааны туршилтуудыг нэг алхамаар урагшлуулахад чухал нөлөө үзүүлснийг үнэлэн уг 2 эрдэмтэд 2012 оны Нобелийн шагналыг өгөхөөр шийдвэрлэлээ. Анагаахын салбарт чухал нээлт болж буйг түрүүн дурдсан. Тиймээ, хүнийг клони аргаар гаргаж авахаасаа илүү хэрэв хэн нэгэн хавдар, эсвэл эдгэршгүй өвчнөөр шаналж байгаа бол тухайн үед эрүүл байгаа эсийг нь ялган авч плурипотент болгоод, цааш ургуулан “шинэ” эрхтэн гарган авч, шилжүүлэн суулгах замаар олон асуудлуудыг шийдэх итгэл найдварыг төрүүлж байна. 



Сэтгэгдэл бичих