Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлана, би.docx

Нийтлэсэн: admin
Огноо: 2011-11-26

 

 

-      

Монгол улсын Үндсэн хуулийн 1-р зүйл юу гэж эхэлдгийг мэдэх үү? 

 

-        МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
МОНГОЛ УЛСЫН БҮРЭН ЭРХТ БАЙДАЛ

 

1 дүгээр зүйл

1. Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн.

2. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.

 

-        Монгол улсын Үндсэн хууль юу гэж төгсдгийг мэдэх үү?

Мэдэгтүн, сахигтун!

Тиймээ, 11-р сарын 26-н бол Улс тунхагласны баяр буюу тэртээ 1924 онд хуучнаар БНМАУ анхдугаар үндсэн хуулиа баталсан түүхт өдөр юм. 

Бид Чингис хаанаар, түүний байгуулсан дэлхийн талыг эзэрхсэн Их Монгол улсын түүхээр цээж бардамнан бахархдагийг нуугаад яахав. Гэхдээ Монголчууд бид бас Манжийн дарлалд 220 жил байснаа бас хэзээ ч мартаж болохгүй. 220 жил. Энэ тийм богинохон хугацаа биш шүү. Бараг бүх л бүтэн 9-н удмаараа дарлагдана гэдэг.

Гэхдээ эх орноо харийн дарангуйллаас гаргах тууштай, тэвчээр хатуужилтай тэмцлийн анхны том амжилттай үр дүн бол 1911 оны 12-р сарын 29-нд Богд Жавзундамба хутагтыг Монгол улсын хаан ширээнд залан, Олноо өргөгдсөн Монгол улсыг байгуулсан үйл явдал мөн болой. Гэсэн хэдий ч Манж улсын суурин дээр үүссэн Дундад иргэн улс (ДИУ) ийм удаан ноёрхчихсон бүс нутгаа юу гэж тийм амархан өгөх билээ. Харин ч эсрэгээр Монгол улс бол ДИУ-ын харъяа хэмээн дураар загнан ундууцаж, 3-н улсын гэрээ гэгчээр арайхийж Гадаад Монголын тусгаар улсын статусыг автономит эрхтэй л гэж зөвшөөрөв. 

1911-ээс 1921-н оны хооронд монголчуудын үндэсний тусгаар тогтнолоо сэргээх гэсэн үзэл санаа, үйл ажиллагаа тасраагүй бөгөөд оргодол цагаантан, үлдэгдэл гаминг Ардын түр засгийн газрын урилгаар ирүүлсэн Зөвлөлт Оросын улаан цэргийн ангитай, Монгол ардын журамт цэрэг хүч хавсран цохиж, улс орноо чөлөөлснөөр төрийн тусгаар тогтнолоо дахин сэргээсэн юм. Ийнхүү 1924 оны 11-р сарын 26-нд Монголчууд тусгаар тогтносон улсуудын гол илэрхийлэл, билэгдэл болсон Үндсэн хуулиа баталсан нь нүүдэлчин Монголчууд тэртээ 13-р зуунд Их засаг хуулийг баталж байснаас хойш болж буй, түүхэнд тодоор бичигдэх чухал үйл явдал юм.

Энд нэг юмыг давхар тодотгомоор байна. Монгол улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл 1921 оноор дуусгавар болоогүй юм. Б. Баабар 1990 оны морин жилийн хувьсгал бол Монгол улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн хамгийн оргил үе байв” гэж тун оновчтой хэлснийг ишлэмээр байна. 1921-ээс 1990 оны хооронд олон олон аавын зоригт хүүхдүүд хэлмэгдсэн, бас дарангуйлагдан үгээр боогдож байсан. Монгол улсын Тусгаар тогтнолын төлөөх тэмцэл ч 1990 оноор дуусгавар болоогүй. Энэхүү тэмцэл одоо ч гэсэн үргэлжилж байна. Мөнхөд ч үргэлжлэнэ. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгодог тийм төрийг, бас тийм улсыг байгуулахын төлөө энэ цаг үед бид бүхэн бүгдээрээ тэмцэж явна.

 

2011 оны 11 дүгээр сар 26
TERGUULEGCH.com
Нэг чигт нэгдмэл хүчээр

 

 

 



Сэтгэгдэл бичих