Монгол тахь

Нийтлэсэн: admin
Огноо: 2011-11-11

 

 

 

Хэд хоногийн өмнө найзууд маань “Прагийн амьтны хүрээлэн дараагийн 4-н Пржевальскийн адууг Монгол руу буцаахаар боллоо” гэсэн баярт мэдээллийг надруу илгээхэд, ер нь энэхүү зэрлэг тахийн талаар би юу мэдэх билээ? гэж өөрөө өөрөөсөө асуув. Яг үнэндээ сүртэй их зүйл мэддэггүй болохоо “гайхан” мэдээд, энэхүү зэрлэг адууны талаар, түүхий нь судалж эхлэв. Ямар сонирхолтой зүйл олж мэдсэнээ та бүхэндээ хуваалцаж байна.

 

Монгол тахийн онцлог:

Монгол тахь дэлхий дээрх цорын ганц зэрлэг адуу юм. Яагаад гэвэл, бусад зэрлэг адуу болох Америкийн Мустанг, Австралийн Блумби нь уул шугамандаа гэршүүлсэн адуу байсан бөгөөд сүргээсээ зугтан зэрлэг байгальд гарсан байна. Харин Монгол тахийн хувьд хэзээ ч гэршүүлж чадаагүй бөгөөд нэг үгээр товчхондоо хэлэхэд “оригинал” зэрлэгээрээ байгаа адуу юм.

Генетикийн талаас нь харвал, энгийн адуу 64 хромосомтой байдаг бол Монгол тахь 66 хромосомтой байдаг байна. Мөн энгийн адуунаас сүүлээрээ ялгарна.

Дээр хэлсэнчлэн, Африкийн судалтай тахьтай адил унаж, мордож, гэршүүлж болдоггүй ба 5-6-уулаа нийлэн нэг сүрэг болон өдөрт 5-10км нүүдэллэн бэлчинэ.



Он цагийн мөчлөгт:

1881 он: Польш гаралтай Орос геологч Николай Михайлович Пржевальский нь төв азийн нутгаар хийсэн өргөн хэмжээний судалгаа шинжилгээний ажлын хүрээнд олон мянган төрөл, зүйлийн ургамал, амьтны талаар үнэ цэнэтэй баримт цуглуулсан байна. Үүний дотор Монгол хоёр бөхт тэмээ болон устахын ирмэг дээр буй зэрлэг тахийн талаар анх удаа баримтлуулж авсан нь дараа дараагийн Европын судлаач шинжээчдэд үнэ цэнэтэй материал болсон байна.

1900 он: Цаг агаар, уур амьсгалын хүчин зүйлээс гадна хүний оролцоо устах аюулд ороод байсан Пржевалькийн тахийн тоог эрс буурахад нөлөөлжээ. Жишээлбэл, нутгийн иргэд агнах, мөн баян газар эзэмшигч, худалдаачин нар сүр сүргээр нь барин Европ зөөх болсон байна. Азаар Карл Хагенбек хэмээх эрдэмтэн шунахай худалдаачид дуусгахаас өмнө 15-н тахийг амьтны хүрээлэнд шилжүүлсэн байна. Одоо дэлхий дээр бүх Пржевальскийн тахь нар бол энэхүү 15-ын үр удам юм.


1945 он: Мэдээж зэрлэг тахийн хувьд амьтны хүрээлэн гэдэг болон шорон л гэсэн үг. Амьтны хүрээлэнд дасгах ажил тийм ч амархан байгаагүй гэдгийг дурдах нь зөв байх. 1945 оны байдлаар Мюнхен болон Прагийн амьтны хүрээлэнд нийтдээ 9-н ширхэг 2 сүрэг л дэлхийн хэмжээнд үлдсэн байна.

1967 он: Европд Монгол тахийг аврах гэж оролдож байсан бол харин эх болсон Монгол нутагт сүүлийн тахийн сүрэг 1967 онд харагдлаа хэмээн тэмдэглэгдсэн байна.

1969 он:-д сүүлийн ганц тахь Монгол нутагт харагдлаа хэмээн тэмдэглэгдсэн байна.

1977 он:-д Пржевальскийн тахийг хамгаалах сан Голландын Роттердам хотод байгуулагдсан бөгөөд сангийн санаалагч Ян, Инге Боуман нар цус ойртохоос сэргийлэн 2-хон амьтны хүрээлэнд байсан тахийн сүргийг салган, өөр бусад амьтны хүрээлэнд тараан байршуулсан байна.

1992 он: Монгол нутагт анхны 16-н тахийг эргүүлэн зэрлэг онгон байгальд эргүүлэн тавилаа.

1998 он: Хустайн нуруун 50000 хектар бүс нутаг дархан цаазат газар боллоо.

Нийтлэлийн төгсгөлд юу гэж хэлмээр байна гэвэл, Пржевальскийн гэж дэлхийд илүү танигдах энэхүү зэрлэг тахь нь Монголын нэгэн бахархал юм. 100 гаруйхан жилийн өмнө “устаж үгүй болсон” амьтдын жагсаалтанд орох аюул тулгараад байсан энэхүү өвөрмөц зүйлийн зэрлэг адуунд элэгтэй эрдэмтэн, судлаачдын тэвчээрт хөдөлмөр, тэмцэл байгаагүй бол Хустайн нуруунд Монгол тахийн дуу янцгаахыг сонсох завшаант хувь бидний үед тохиохгүй байсныг ухааран, Монгол тахиа цааш нь хамгаалах нь одоо зөвхөн эрдэмтэн, шинжээч нарын ажил бус харин хүн болгоны үүрэг болон оршвой.

 

Эндээс Монгол тахийн талаар маш сонирхолтой баримтат нэвтрүүлгийг үзнэ үү.


 

 

 



Сэтгэгдэл бичих