Монгол ухааныг дэлхийд

Нийтлэсэн: admin
Огноо: 2011-11-01


Чех улс дахь “МонКарго”, “Монголиан Таун” (Mongolian Town) төв болон „Тэргүүлэгч“ вэбсайтыг эрхлэн хөтлөгч залуус маань „Монгол ухааныг дэлхийд“ сэдэвтэй уулзалт ярилцлагыг зохион байгуулж 2011 оны 10-р сарын 28-ны өдөр Прага хотноо үеийн оюутан залуус болон  ажил алба эрхэлдэг 20 гаруй хүмүүсийг урин цуглууллаа.


Уулзалтыг нээж „МонКарго“, „Монголиан Таун“ төвийн захирал М. Гэрэлт-Од, „Тэргүүлэгч“ вэбсайтыг эрхлэн явуулдаг Храдэц Краловэ хот дахь Карлын Их сургуулийн Анагааахын факультетийн оюутан Т. Ариунжаргал нар үг хэлэв.

Уулзалтын гол  зорилго нь уриандаа шингэсэн бөгөөд энэ уулзалтанд ирсэн ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй залуусын сэтгэлийг хөглөсөн, санал шүүмжлэл өрнөсөн, илэн далангүй халуун дотно уур амьсгалд болж өнгөрлөө.

Яагаад  „Монгол ухааныг дэлхийд“ хэмээн уриалах болсон тухайгаа Т. Ариунжаргал өөрийн бэлдсэн илтгэлдээ илэрхийллээ. Тэрээр Хүннүгийн үеэс хүчирхэг байж ирсэн бидний өвөг дээдэс зөвхөн нэгдмэл хүчийн дор нэг санаа зорилготой байж л дэлхийд нэрээ дуурсгаж байсныг сонирхолтойгоор тайлбарлан „Өнөөгийн Монголчуудын зорилго бол оюун ухааны хүчээр дэлхийд нэрээ дуурсгах, нэг зорилготой нэгдмэл хүчтэй байх  явдал юм. Бидний гарт ирээдүй цаг биш, одоо цаг байна. Монгол оронд маань бидний одоо хийж бүтээх ажил их байна” гэж онцоллоо.

Үүний дараа оролцогсод өөрсдийн санал бодлоо солилцлоо. Пардубицэ хотоос уригдан ирсэн Б. Мянганбаяр “Залуучуудаас маань ийм санаа гарч, идэвхи санаачлагатай байгаа нь сэтгэл хөдөлгөж оюутан цагийг маань санагдуулж байна. Өнөөдөр манай залуус дэлхийд тэргүүлдэггүй юм гэхэд дэлхийн залуустай эн зэрэгцэн хөдөлмөрлөх ёстой. Манай Монгол залуусын нэр „Microsoft“-д ч гарч байгаа нь бидний бахархлыг төрүүлж байна” гэж хэллээ.

Уулзалтын хүндэт зочдын нэг монголч эрдэмтэн, орчуулагч Иржи Шима гуай өөрийн оюутан цагаа дурсан, мөн Монгол орны өөрчлөлт хөгжилтийг тухай бүр нүдээр үзэн гайхаж байдгаа ярьж “Чех улсад сурч, ажиллаж амьдарч буй Монголчууд маань үр хүүхэд, ирээдүй хойчийнхоо эрдэм боловсролын талаар санаа тавьж байх нь эн тэргүүний зорилго байх ёстой.” хэмээн өгүүлэв.

Ингээд ирсэн зочид маань, эмзэг асуудлыг хөндсөн олон чухал сэдвээр яриа өрнүүлэв. Прага хот дахь оюутан З. Цэнгэлмаа, оюутан А. Очгэрэл, Э. Отгон-Эрдэнэ нар олон нийтийн арга хэмжээнүүд, Монголчуудыг хамаарсан олон чухал асуудалд идэвхийлэн оролцож, орчуулга хэлмэрчлэл хийж байдгийн хувьд өөрсдийн туршлагаасаа хуваалцан шинэлэг сайхан санаанууд хэлж байлаа. Жишээ нь уг уулзалт дээр Роудницэ дахь “Жонсон контролс” фирмд ажилладаг монголчуудыг төлөөлөн ирсэн Н. Оюунбилэг, Б. Энхсайхан нартай танилцаж, монгол ажиллагсадын бага насны хүүхдийг хамруулсан зүйл зохиох, өдөр өнжүүлэх бүлэг, эсвэл ажилчдын ээлж хоорондын  хүүхэд саатуулах газар ажиллуулж болох талаар санал солилцон газар дээр нь очиж хүмүүстэй уулзаж судалгаа хийхээр тохиров. Энэ нь монголчууд олноор төвлөрөн амьдардаг өөр хотуудад ч хамаарах бөгөөд уг санаачлага хэрэгжвэл яваандаа өргөжүүлэх нь дамжиггүй.

Острава хотын Уул уурхайн дээд сургуулийн оюутан Т. Гантөмөр, өөрийн сургуулийн талаар танилцуулж „Манай эх орон газрын дорхи баялгаа идэвхтэй ашиглаж эхэлсэн энэ үед уул уурхайн мэргэжилтэй хүн маш эрэлт шаардлагатай байгааг мэдэрч хүүхдүүдээ манай сургуульд сургах талаар эцэг эхчүүд санаа тавиасай.“ хэмээн өгүүлэв.

„Монголиан Таун“-ы үсчин Х. Баасансүрэн „Монголчууд маань өөрийн гэсэн төвтэй болж  төрөл бүрийн үйлчилгээг нэг дороос авч байвал сайхан байх болноо“ хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.

Оюутан охин Л. Гийпилмаа, М. Шинэхүү нар өөр өөрсдийн сургууль дээрээ эх орноо хэрхэн сурталчилдагаа болон монголчуудын дунд мэдээллийг цагт нь хүргэж байх, чехийн монголчууд өөрийн гэсэн мэдээллийн сувагтай болох боломжийн талаар санал дэвшүүлэв.

Ажил хэрэгч чанараараа манай монгол залуусын тэргүүн эгнээнд явж, улс орныхоо нэрийг гаргахад хувь нэмрээ оруулж байдаг   техникийн дизайн зохион бүтээгч, уран бүтээлч Д. Анар мөн өөрийн ажил үйлсээ танилцуулж „Аливаа ажлыг хийхэд уйгагүй зан шаргуу хөдөлмөр хичнээн хэрэгтэй болохыг бүгд мэднэ. Би хийсэн бүтээлийнхээ үр дүнг амьдралд харахыг хамгийн их хүсдэг. Зүгээр нэг үзэсгэлэнд зориулж бүтээл хийх үү, эсвэл тэр бүтээл маань амьдралд хэрэгжиж хүнд хэрэгтэй зүйл болох уу гэдэг л гол санаа тавьдаг зүйлийн маань нэг“ гэж ярилаа.

Эцэст нь уулзалтанд оролцогсод хамгийн гол нь нэгдсэн мэдээллийн төвтэй байх, үүнд www.terguulegch.com сайтыг ашиглан хүссэн хүн бүр (уг сайтыг үндэслэгч Т. Ариунжаргал: Энэ сайт нь ганцхан минийх биш, харин монголчууд мэдээллээ солилцдог суваг байж чадвал би маш их баяртай байх болно” хэмээсэн юм ) өөрийн ажил үйлс, шинэ санаа санаачлагын талаар мэдээллээ дамжуулж байх, гол нь аливаа амжилт, баяр баясгалангаа бусадтай хуваалцан ингэснээрээ монголчуудынхаа, эх орныхоо нэрийг гаргахад нэмэр болж байх,  “Mongolian Town“ төвөө өргөжүүлэн хөгжүүлэх, үйлчилгээний бусад салбаруудыг нэмэх, байр багтаамжны асуудлыг тухайн үед нь шийдэх зэргийн талаар тохиролцов.

М. Гэрэлт-Од “Монголиан Таун” төв маань одоогийн байдлаар “МонКарго” фирмийн зардал дээр түшиглэн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Яваандаа санаа нийлсэн элэг нэгтнүүд маань уг төв дээр хамтран ажиллаж бие биедээ түшиг тулгуур болдог болвол  энэ төв маань биеэ даан хөл дээрээ зогсож, цаашид нэрээ дуурсгасан том айл болж, орсон гарсан гадна дотнын зочдын их хөлийн газар болноо гэдэгт итгэж байна” гэлээ.

Та бүхэн ч энэ уриалгыг хүлээж аван, сайхан Монгол орныхоо нэрийг гаргахад хэрхэн нэмэр болохоо бодож хичээн, бусдын сайн үйлсийг дэмжиж, бага жижиг гэлтгүйгээр бидэнд мэдээлж  байвал “Далайд дусал нэмэр” болох билээ. Дэлхийд нэрээ гаргах Монгол хүн чухам та бидний дунд л мөр зэрэгцэн алхаж яваа.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Б. Мянганбаяр

2011.10.28             Прага хот

 

 



Сэтгэгдэл бичих