Тэмдэглэлийн дэвтрийн хуудас...

Нийтлэсэн: admin
Огноо: 2011-10-16

Сая ном, дэвтрээ янзалж байсан чинь тэмдэглэлийн дэвтрийн нэгэн хуудсанд хэдэн зүйл харандаагаар сараачин бичсэн байхыг олов. Түүнийгээ та бүхэнтэй хуваалцах гээд сууж байна.

Гэхдээ юун түрүүнд Монгол юугаараа баян бэ гэдэг асуултанд хариулмаар байна. Монголд дэлхийн өөр ямар ч оронд байхгүй асар их энергийн эх булаг байдаг юм. Тэрхүү энергийн эх үүсвэр Монгол хэмээх жижигхэн үндэстнийг цагийн хатууд хурцалсан, хурцалсаар ч байгаа. Асар том 2 гүрний дунд байдаг мөртлөө тэднээс үл хамаарах өөрийн газар нутаг, бичигтэй, бас нүд алдам цэлийх тал хөндийг дүүргэсэн уртын дуутай, морины хатираагаар хөглөгдсөн морин хууртай, ах зах хүнтэйгээ золгох хүндэтгэлийн ёс заншилтай гээд дурдаад байвал өчнөөн олон соёлтой гайхалтай ард түмэн. Бид. Ийм баян, гайхамшигтай соёлын өвийг залуу минь чи АНУ-ын Нью-Йоркод ч, эсвэл Хятадын Бээжинд ч үзэхгүй, зөвхөн Монголд хөх тэнгэртэй нэг алхамаар ойрхон төрснөө мэдрэх болно. Б. Явуухулан гуай “Усны тунгалгыг зөвхөн Монголдоо үзлээ” гэдэг ёстой үнэн гэдгийг Хөвсгөл далайн цэнхэртэх усыг амсаад мэдрэв.

Бүр сайхан дурсамж, хамгийн гол нь Монгол гэсэн мэдрэмж гэнэт сэргээд, шүлэгч хүн биш болохоор би өөрийн сэтгэл хөөрлийг замбараагүй боловч чадах ядахаараа илэрхийлэхийг хичээв. Одоо гол ярих зүйл рүү чиглэцгээе.

Би энэ зун Монгол явж амарсан юм. Мэдээж хөдөө гадаа бол зуншлага гэж жигтэйхэн сайхан, хөдөөний сайхныг ч надаар хэлүүлэлтгүй дээ. Шууд л аргалын утаа үнэртэж байгаа биздээ. Хөдөөний сайхныг өнөөдөр ярих гэсэнгүй, харин хотод сар гаруй байх хугацаандаа ажигласан өөрийн бодол, эргэцүүллийн талаар юм.

Мэдээж 2, 3-н жилийн дараа очиж байгаа болохоор зарим газрууд танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн байв. Жишээлбэл, Сүхбаатарын талбай дээр зогсоод, эргэн тойрноо ажиглавал та дэлхийн хамгийн хурдтай хөгжиж буй орны төв талбайд зогсож байгаагаа мэдрэх болно. Мэдээж сайлмаар зүйлүүдийг цааш нь дурдаад байж болох ч, бас хэлмээр юмнууд байна аа.

- Гэр хорооллын хамрах хүрээ томорсон юм шиг санагдав. Миний нүдэн баримжаагаар шүү.

- Замын хажуугийн хашлага дотор шарилжнаас өөр ургамал ургаж болдог юм шүү гэдгийг үнэхээр үзүүлмээр санагдсан шүү.

- Автобус нь цагтаа ирвэл олон хүн хий дэмий автобусны буудал дээр бухимдаж хүлээхгүйсэндэг.

- Хурдны зам дээр 130км/цаг хүртэл хэзээ хурдлах бол хэмээн түгжрэлд орчихоод бодож суулаа.

- Бас аль болох хурдан метротой болохгүй бол хотын иргэдийн ихэнх нь өдрийн 2-4-н цагийг автобус, микронд өнгөрүүлж байна.

- Сар болгоны 15-н болохоор банкны гадаа хэдэн 10-н метр урт, тэтгэмжээ хүлээсэн “хүлээлт”-ийг хараад, сэтгэл эмзэглэж л байлаа. Зарим нэг нь бүр 2, 3-н өдрөөр хүлээдэг гэнэ. Мэдээж төрийн хишиг гэж нэрийдээд байгаа мөнгөн тэтгэмжийг өгөх нь буруу гэх гэсэн биш, харин ард иргэдийнхээ цагийг хэмнэсэн арга замыг олвол, тэр хүмүүс хүлээхийн оронд харин 2, 3-н өдөр ажиллах юм бол түүнээс их мөнгө олох боломжтой гэдгийг хангах хэрэгтэй гэж санагдав.

Гадаадад бараг төрснөөсөө хойш амьдарч байгаа хүүхдүүд, мэдээж, гэр бүлийн хүмүүжлээсээ хамааран Монголын талаар янз бүрийн бодолтой байгааг анзаарч болно. Гэхдээ ихэнх нь яагаад Монголчууд бид Монгол гэдгээрээ цээжээ дэлдэх дуртайг нэг л сайн ойлгодоггүй юм шиг. Би лав хувьдаа соёлын өв, түүхээрээ, бас Монгол хүмүүжлээрээ цээжээ дэлдэх дуртай. Миний хэлэх гээд байгаа гол мессеж бол бидний өвөг дээдэс маань бидэнд дэлхийд гайхагдсан өвөрмөц соёлыг өвлүүлсэн. Тэрхүү гайхамшигтай соёлыг хамгийн эхлээд бид өөрсдөө мэдрэх ёстой, дараа нь хайрлаж, хамгаалах ёстой. Монгол мэдээж өндөр хөгжилтэй орон биш. Одоохондоо. Харин хөгжлөөр “цангаж” байгаа их эрч хүчтэй орон. Дээр дурдсан шүүмжлэлтээ зүйлүүдийг би ямар нэгэн байдлаар тунирхасандаа, эсвэл ямар нэгэн байдлаар гомдолсондоо бичсэнгүй. Харин байрны хөгшин, таньдаг найзууд минь, хамаатан садан, гэр бүлийнхэн гээд олон олон хүмүүс Монголд амьдарч байгаа болохоор, тэд дараагийн 10, 20-н жилдээ микрондээ шахцалдсан, түгжрэлд бухимдсан хэвээр нь байлгаад байхыг хүсэхгүй байгаа учраас бичиж байна. Энэхүү нийтлэлийг уншиж байгаа дүү чамд, энэхүү нийтлэлийг уншиж байгаа ах, эгч та “Бүтээлч Монгол”-ын хөдөлгүүр гэдгээ мэдээсэй гэж хүсч байна. 21-р зууны энэхүү өрсөлдөөнтэй нийгэмд бид өөрсдийн орон зайг өөрсдөө “бүтээх” ёстой. Түүхээс харахад, бид дандаа бүтээж байсан. Цэрэг байлдааны тактикаас гадна өртөө буухиа, босоо үсэг гээд гээд бүгд л бидний бүтээл. Таны хийж байгаа, хийхийг зорьж байгаа зүйл тань заавал дэлхийн дайтай том байх албагүй, хамгийн гол нь хэн нэгнийг хуулбарлаагүй “бүтээлч” арга барилтай байх нь чухал. Зүгээр л өдөр болгон хийдэг зүйлээ нэг өөрөөр хийх гэж оролдох тань хүртэл бүтээлч санаанд орно шүү дээ. Хүн бүр дор дороо хичээх аваас Монголчууд бид тэнгэрээр тамгалуулсан хөх бөгстнүүд гэдгээ хором бүр мэдрэх болно.

Хүндэтгэсэн,
TERGUULEGCH.com
Нэг чигт үргэлж хүчирхэг байхын төлөө

 



Сэтгэгдэл бичих