ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО.

Нийтлэсэн: admin
Огноо: 2011-08-15

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газраас санаачилан хэрэгжүүлж буй “Зөгийн үүр” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Европ дахь Монголчуудын анхдугаар чуулга уулзалтыг 2011 оны 9 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо зохион байгуулах гэж байна.

Чуулга уулзалтын гол зорилго нь Европ тивд амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн Монгол иргэдийг салбарын яамдын удирдлага, хувийн хэвшлийн байгууллага, мэрэгжлийн холбоод, зочин эрдэмтэн судлаачидтай уулзуулж, бодит мэдээлэл, арга туршлагаа солилцох боломжийг бүрдүүлэх, тодорхой сэдвээр хэлэлцүүлэг, салбар хуралдаан зохион байгуулж санал бодлоо хуваалцах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, цаашид харилцан үр ашигтай хамтран ажиллахад оршино.

Түүнчлэн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд 2011-2012 онд дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөхгүй байгаа нарийн мэргэжил, өндөр ур чадвар шаардсан боловсон хүчний хэрэгцээ, ажлын байрны талаар болон эх орондоо урт богино хугацаагаар эргэн ирж хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөлийн талаар холбогдох байгууллагуудаас дэлгэрэнгүй мэдээлэл хийж, ажлын байр зуучлах, танилцуулах үйл ажиллагаа явагдана.

Ийнхүү дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөхгүй байгаа ажлын байранд зуучлах нь манай улсын хөдөлмөрийн зах зээлд тулгамдаж буй нарийн мэргэжлийн ажиллах хүчний хомсдолыг багасгах, шийдвэрлэх бодит алхмуудын нэг болно гэж үзэж байна.

Энэхүү чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Монгол Улсын Засгийн газраас Германы Засгийн газрын дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулж буй бөгөөд гүйцэтгэгч байгууллагаар “Монгол-Германы Гүүр” ТББ ажиллаж байна. Чуулга уулзалтад нийт 250 хүн оролцуулахаар төлөвлөж буй бөгөөд Монголоос төр засаг, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл бүхий 50 хүн, Европын орнуудад амьдарч буй иргэдийн төлөөлөл 200 хүн оролцоно. Чуулга уулзалтын үр дүнд Европ тивд амьдарч буй нарийн мэргэжил, өндөр ур чадвар бүхий Монгол иргэдийн судалгаа авч, мэдээллийн санг баяжуулах, тэдний бодит хэрэгцээ, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, гаргаж буй санал санаачлагыг төр засгийн бодлого шийдвэрт тусгах, цаашид хамтран ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Чуулга уулзалтад оролцох хүсэлтэй иргэд тухайн орныхоо Монголчуудын холбоо болон “Монгол-Германы Гүүр” ТББ-ын http://www.mdb.mn/, http://www.cooperation.gov.mn/berlinforum-2011/ хаягаар орж, санал асуулга, бүртгэлийн хуудсыг бөглөж бүртгүүлсний дагуу зохион байгуулах комиссоос сонгон шалгаруулалт, баталгаажуулалт хийж 9 сарын 15-ны дотор эргэж мэдэгдэнэ.

Чуулга уулзалтад уригдан оролцож буй төлөөлөгчдийн Берлинд байрлах 2 өдрийн зочид буудал, хоолны зардлыг зохион байгуулах комиссоос хариуцах бөгөөд ирэх буцах замын зардлаа оролцогчид өөрсдөө гаргах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.cooperation.gov.mn/berlinforum-2011/ хаягаар орж үзнэ үү.



Сэтгэгдэл бичих