Хятадын хөгжлийн нууц юу вэ?

Нийтлэсэн: admin
Огноо: 2011-08-11
Хятадын хөгжлийн нууц юу вэ?

3, 4-н жилийн өмнө би гэдэг хүн блог их уншдаг байлаа. Унших дуртай олон ч блог байв. Тэр дундаас нэг хятад блогчингийн нийтлэлийг мөн тэсэн ядан хүлээдэг байв. Нэг удаа тэрээр АНУ-д сурч байгаа Хятад оюутнуудын тухай бичсэн байсан юм. АНУ-гийн алдартай MIT (Massachusetts Institute of Technology) их сургуулийн нийт оюутнуудын 20 орчим хувь нь Хятад оюутнууд байгаа талаар тухайн нийтлэлд бичсэн байсан юм. Зөвхөн MIT ч биш АНУ-гийн хот болгоны хамгийн алдартай сургуульд сурах Хятад оюутнууд нэмэгдэж байгаагаас гадна мөн Хятад гаралтай эрдэмтэн профессор багш нар хичээл зааж байгааг дурдсан байсан юм. Энэхүү нийтлэлээрээ тэрхүү блогч Хятадын хөгжих цаг ойртож байгааг хэлэхийг хичээсэн байв. Гэхдээ энэ бол 3, 4-н жилийн өмнө нь уншиж байсан нийтлэл шүү.

Сая наадмын өмнө нутаг буцахдаа Бээжингээр дамжин ниссэн юм. Бээжин нэг орсных Хятадын хөгжлийг өөрийн нүдээр үзэх санаатай 5-н хоног шахуу тэнд саатав. Бээжин бол үнэхээр тасарчихсан байна лээ. Америкт ч байхгүй гэмээр олон давхар зам, төрөл бүрийн өндөр барилга, мөн өөрсдийн соёлын өвийг хадгалж үлдсэн хуучны сүм, барилга гээд дорно шинжийг агуулсан орчин үеийн хот гэсэн сэтгэгдэл төрсөн юм. Бидний хэлдэг муусайн “хужаа нар” аль хэдийн дэлхийн хөгжлийг тодорхойлогч болж байгааг хараад дотроо шаралхаж байснаа нуугаад яахав.

Энэхүү нийтлэлийн гарчиг нь Хятадын хөгжлийн нууц нь юу юм бэ? гэдэг билээ. Хятад цагийн энэ олон мөчлөгт угаасаа л үй түмэн хүнээрээ хахаж байсан. 1000-н жилийн өмнө нь ч, 100-н жилийн өмнө ч ялгаагүй. Хэрэв хөгжлийнх нь хөшүүргэ нь хүнийх тоо гэвэл тун худлаа болно. Тэгвэл энэ олон тэрбум хүн Хятадын үе биш бүүр зуун ирж байна гэж бардамнах болов?

За одоо та бүхэндээ хөгжлийн нууцын хөшүүргэ нь юу вэ талаар өөрийн бодлоо багцлан хэлье.

1. Засгийн газрын нэг бодлого

2. Залуу боловсон хүчин

Жишээлбэл, Ху дарга ажлаасаа хусагдлаа гэхэд Ну дарга гарна. Ну дарга хусагдлаа ч гэсэн дараагийн Жу, гэх мэтчилэнгээр удирдах албан тушаалтнууд солигдсон ч гэсэн засгийн газрын бодлого хэвээрээ л байна. Коммунист нийгмийн дарангуй бодлогын ач гэлтэй. Гэтэл манайд нэг дарга нөгөөгөөр солигдоход тэнгэр газар байраа сольсон мэт бүх зүйл орвонгоороо эргэчихээр яаж ч ажил урагшлах билээ дээ.

Нийтлэлийн эхэнд дурдсанчилсан шиг Хятадын залуу үе дэлхийн өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшиж байгаа нь хөгжлийн хамгийн хүчирхэг арми нь юм. Надад 2 Хятад найз байдаг юм л даа. Тэр 2-ын хичээлээ хэрхэн хийж байгааг хараад өөрийгөө бараг хичээл хийдэггүй гэж бодмоор. Өглөөнөөс орой хүртэл хичээл хийчихээд нутагтаа байсан бол энэнээс илүү хийх ёстой байсан шүү хэмээн огт ажирсан шинжгүй байх нь аймшигтай ч юм шиг. Чадварлаг боловсон хүчин нь эх орноо гэсэн сэтгэлтэйгээр тархиныхаа цар хүрээг ихэсгэх шиг тийм үнэтэй чухал эрдэнэ гэж улс оронд өөр юу байхав дээ.

Эцэст нь хэлэхэд, бид нар Чингис хаанаараа цээжээ дэлдэн бахархах ч дуртай тэр болгон Манж улсад 220 жил дарлагдаж байснаа төдийлөн дурсах дургүй байдаг. 220 жил. Энэ бол богинохон хугацаа биш шүү. Түүхээс ажиглахад, том гүрнүүд жижиг улсуудын түүхээр тоглодог хатуу боловч шударга бус зүй тогтлыг санаж, өөрийгөө болон өөрийн хүүхдээ оюун ухааны дайны шилдэг, хэнд ч дийлдэшгүй цэрэг болгоорой.

Хүндэтгэсэн,
TERGUULEGCH.com



Сэтгэгдэл бичих